Бельгид суралцах иргэд Истанбул хот дахь ЕКГ-т виз мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-13 11:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн Хаант Улсад суралцах оюутнуудыг Турк Улсын Истанбул хот дахь Бельгийн Ерөнхий Консулын газар (ЕКГ)-т виз мэдүүлэхийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Коронавируст халдварын улмаас БНХАУ тодорхойгүй хугацаанд хилийн боомтоороо зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Үүний улмаас монгол иргэд тус улсад зорчиж, БНХАУ дахь манай улсыг хавсран суугаа Бельгийн Элчин сайдын яаманд урт хугацааны виз мэдүүлэх боломжгүй болоод байна. Үүнтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийн дагуу Бельгид суралцах зорилготой иргэдийн урт хугацааны визийн мэдүүлгийг Турк Улсын Истанбул хот дахь Бельгийн ЕКГ-т хүлээн авах болжээ.


Виз мэдүүлэхдээ:

- Зөвхөн оюутнууд тодорхой хугацаанд буюу БНХАУ-ын хилийн боомтоор зорчигч хөдөлгөөн хэвийн болох хүртэл Истанбул дахь Бельгийн ЕКГ-т виз мэдүүлэх боломжтой;

- Тухайн оюутан Турк Улсад өөрийн биеэр ирж визийн материалаа өгч, визээ мэдүүлэх шаардлагатай;

- Визийн асуудлаар Истанбул дахь тус улсын ЕКГ болон Бээжин дэх ЭСЯ харилцан мэдээлэл солилцоно;

- Визийн материалыг дахин шалгах шаардлагатай хэмээн үзвэл тухайн визийн мэдүүлгийг Бельгийн Гадаадын иргэн харьяатын агентлагт шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд хугацаа шаардагдах магадлалтай.

Related news