Европын хамгийн том СЦС-ыг Голландад барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-07 12:26:16

ГААГ. /Prensa Latina/. Нийтдээ 700 мегаватт /MW/ эрчим хүч гаргах хүчин чадалтай далай дээрх салхин цахилгаан станцыг /СЦС/ Дани улсын “Донг” эрчим хүчний компани Голландад барихаар болжээ. Энэ нь Европ дахь хамгийн томд тооцогдох ийм төрлийн байгууламж юм.

Данийн Засгийн газар хувьцааных нь 50.1 хувийг эзэмшдэг “Донг” эрчим хүчний компани Зииланд мужийн эргийн дагуу хойд зүгт 22 км үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхийг авсан байна.

Энэ байгууламж нь Европын далай дээрх хамгийн том СЦС болох 630 мегаваттын хүчин чадалтай “London Array” төслөөс давж гарах юм.

Данийн компанийн үйлдвэрлэх эрчим хүчний үнийг 7.27 цент/кв.цаг гэж тооцсон нь анх тооцоолсноос 5.1 центээр бага байна. Үүний дүнд Засгийн газар ирэх 15 жилийн хугацаанд нийтдээ 2.7 тэрбум евро хэмнэх боломжтой болох юм.

700 MW-ын СЦС нь төлөвлөж байснаас 22.5 хувиар илүү хэмжээний эрчим хүч гаргах бөгөөд 2020 оны дундуур ашиглалтад орж нэг сая айл өрхийг эрчим хүчээр хангах ажээ.

Голландын Эдийн засгийн харилцааны сайд Хенк Кэмпийн хэлснээр, дараагийн хэдэн жилд таван том СЦС Голландад баригдах бөгөөд эдгээр байгууламж нь 2020 он гэхэд 10 мянга гаруй ажлын байрыг бий болгох юм. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 2023 он гэхэд тус улсад үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 16 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлэх аж.

Европын салхины эрчим хүчний холбооны мэдээллээр, өнгөрсөн онд тус тивийн цахилгаан эрчим хүчний 44 хувийг СЦС-ууд үйлдвэрлэжээ.

Х.Сарнай



 

Related news