Ой модыг хамгаалах, ургуулах, арчлахад 12.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 19:28:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  


Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн төслөөс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахыг танилцууллаа. Тэрбээр “Малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд ноос, улаан буудай, сүү, мах, арьс ширний урамшуулал олгох арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай хөгжүүлэх чиг үүргийг төсвөөр бус харин аж ахуйн тооцоонд шилжүүлж үр ашигтай ажиллуулах боломж байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллуулахаар тооцож холбогдох төсвийг шилжүүллээ.


Түүнчлэн цөлжилт, газрын доройтлыг бууруулах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод усны нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд ойжуулалт, ойг нөхөн сэргээх төсвийг суулгасан. Үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг үнэлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн арчилгаа цэвэрлэгээний ажлыг хэрэгжүүлэх, судалгаа, зураг төсөл боловсруулахад нийт 12.1 тэрбум төгрөгийг төсөвлөлөө” гэв.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Тэрбээр, төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай гэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Уртнасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон дээрх яамдын холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.


Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Д.Өнөрболор, Б.Саранчимэг нар зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд санал хураалт явуулахад гишүүд олонхын саналаар дэмжлээ. Улмаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Related news