Олны хайртай жүжигчид гавьяат цолоор энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-07-08 14:50:22

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохилдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, УДЭТ-ын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий нарт өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо.

Жүжигчин О.Бат-Өлзий  “Уулын төмөр”, “Ноён солиот”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд” киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн юм. Хамгийн сүүлд тэрбээр "Маш нууц" хэмээх 1970-aaд оны цэрэг эрсийн тухай өгүүлэх киноны найруулагчаар ажилласан билээ.  Шагнал гардсаны дараа тэрбээр хэлэхдээ, “Монголын кино урлагт оруулсан хувь нэмрийг минь төр засгаас үнэлж төрийн дээд шагнал хүртээсэнд маш их баяртай байна. Хэрвээ ах минь амьд сэрүүн байсан бол энэ хүндтэй шагналыг надаас түрүүлж хүртэх байлаа. Ах минь тэнгэрийн орноос дүүгээ харж байгаа байх аа” хэмээв. Түүний ах нь Монголын сонгодог бүжгийн урлагт өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн авьяаслаг бүжигчин О.Батсайхан гэж байсан билээ. 

Жүжигчин Л.Дэмидбаатар урлагт 27 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн сонгодог, орчин үеийн болон Монголын 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тогложээ.

Жүжигчин Т.Карма “Зүүдэнд ч оромгүй явдал”,”Амьдрал нулимсанд дургүй”, “Мятрашгүй Жулия” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулсан бол  “Ховор хүмүүс”, “Тань руу нүүж явна”, “Сахиул уу сахиус уу”, “Хачин хүн”, “Ацаг шүдний зөрүү”, “Өнөр бүл”, “Нүцгэн уулын бэлд”, “Намайг уучил” зэрэг 20 гаруй киноны гол ба туслах дүрийг бүтээж байв. 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news