“China Mobile” 560 мянга гаруй "5G" сүлжээний суурь станц байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-11-02 14:35:02

БЭЭЖИН. /Xinhua/.Хятадын үүрэн холбооны оператор компани болох “China Mobile” компани тав дахь үеийн сүлжээний (5G) нийт 560 мянга гаруй суурь станц байгуулжээ. 


Энэ талаар компанийн ерөнхий захирал Дун Синь Хятадын өмнөд нутагт орших Гуандун мужийн Гуанжоу хотод өнөөдөр эхэлсэн  “China Mobile Global Partners” бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Энэ оны эцэс гэхэд “China Mobile” 700 мянга орчим “5G” сүлжээний суурь станцтай болно гэж өмнө нь БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээлж байв. Үүний зэрэгцээ Хятадын “China Mobile” болон “China Telecom”, “China Unicom” зэрэг операторуудын байгуулсан станцын нийт тоо 1.4 саяас давах аж.


Тус яамны урьдчилсан тооцоогоор, 2023 он гэхэд Хятадад “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо 560 саяас давж, нийт гар утас хэрэглэгчдийн 40 орчим хувийг эзэлнэ.


Хятадын үүрэн холбооны тэргүүлэгч оператор компаниуд тав дахь үеийн сүлжээний үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын эцсээр үзүүлж эхэлжээ. 2020 онд тус улсад "5G" сүлжээний 580 мянга орчим суурь станц байгуулсан байна.


Related news