Пхеньян "бодитой хариу арга хэмжээ авна" гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-11 13:15:17

ПХЕНЬЯН. / Xinhua/. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахаар тохиролцсоноо АНУ болон Өмнөд Солонгос зарласантай холбогдуулан Умард Солонгос “бодитой хариу арга хэмжээ” авна гэж сүрдүүллээ.

THAAD буюу баллистик пуужинг замаас нь устгах дэвшилтэт технологийн системийг Пхеньянаас ирж болзошгүй аливаа аюул заналхийллийг дарах зорилгоор байрлуулах гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “бодитой хариу арга хэмжээ авна” гэсэн анхааруулгыг Солонгосын Ардын армийн Жанжин штабын Их бууны хороо гаргажээ.

АНУ болон Өмнөд Солонгос THAAD байрлуулахаар тохиролцсон нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам дэвэргэлээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг АНУ өнгөрсөн долоо хоногт хар дансанд оруулсныг Пхеньян “дайн зарлаж буй хэрэг” гэж тодорхойлсон юм.

THAAD-ыг яг хэзээ, хаана байрлуулж, аль тал нь хяналт тавих нь хараахан тодорхойгүй байна.

Энэ системийг байрлуулахыг Москва болон Бээжин мөн эсэргүүцэж байна. БНХАУ өнгөрсөн баасан гарагт мэдэгдэхдээ “энэ систем бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө” гэсэн юм.

Харин АНУ болон Өмнөд Солонгос мэдэгдэхдээ “Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх цөмийн туршилтаа хийж,  удаа дараалан баллистик пуужин харван өдөөн хатгах нь эрчимжиж буй энэ үед THAAD-ыг байрлуулах шаардлагатай байна” гэв.

Г.Доржханд

Related news