Хамгийн амттай хуушуур төрөлд "Мэргэн Цэцэг" байгууллага шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 17:28:19

Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгадлын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэстний хоолыг гадаадын жуулчдад сурталчлах, наадамчин олонд чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур” фестиваль Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

Фестивалийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлаж буй 6 мянган иргэнээс санал асуулга явуулж, хамгийн цэмцгэр асар, хамгийн өвөрмөц хуушуур, хамгийн амттай хуушуур гэсэн 3 төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан юм. Санал асуулгад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хуушуур борлуулж буй бүх аж ахуйн нэгжийг хамруулжээ. 

Санал асуулгын дүнд Хамгийн цэмцгэр асраар “Сант асар”, Бодьбадмаараг, Хамгийн өвөрмөц хуушуур төрөлд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын “Эрчим” зоогийн газар шалгарлаа. Мөн хамгийн амттай хуушуур төрөлд “Мэргэн цэцэг” байгууллага шалгарав. Шалгарсан аж ахуйн нэгжийг тус бүр 1 сая төгрөг, “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулав.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг фестиваль жил ирэх тусам өргөжин тэлж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга  О.Нарантуяа онцлов. Тухайлбал, оролцогчид кимчитэй, айрагтай, банантай зэрэг олон нэр төрлийн хуушуур хийсэн байна.

Хамгийн өвөрмөц хуушуур төрлийн ялагч, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын “Эрчим” зоогийн газрын ахлах тогооч Х.Эрдэнэчимэг, “Манай зоогийн газар өнгөрсөн жил хамгийн том хуушуур төрөлд шалгарч байсан. Энэ онд хамгийн өвөрмөц хуушуураар шалгарсандаа баяртай байна. Бид энэ тэмцээнд ач холбогдол өгч эртнээс бэлдсэн. Том хэмжээний хуушуур хийх тогоогоо захиалгаар хийлгэсэн. Үүний үр дүнд наадамчин олон минь манай хуушуурыг  амтархан идэж байгааг харах сайхан байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Г.Уранчимэг

Related news