“CRU consulting": Уул уурхайн орлого 5.3-12.5 тэрбум ам.доллар болж өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-30 18:54:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судалгааны “CRU consulting" компани Монгол Улсын уул уурхайн салбарын төлөв байдлын талаар хийсэн судалгааны дүнг өнөөдөр болсон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Судалгаагаар Монголын уул уурхайн салбар 2020-2030 он хүртэл хурдацтай өсөх төлөвтэй байна. Ялангуяа зэс болон нүүрсний салбар. Энэ хоёр салбар дахь хөрөнгө оруулалт хүчин чадлыг нэмэгдүүлэхийг хэрээр ирэх 10 жилд дээрх хоёр салбар 2 дахин тэлэхээр байна.

2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнийн эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3-12.5 тэрбум ам.доллар болж өснө гэдгийг судалгааны тайландаа онцолжээ. 

Өмнийн говьд нүүрс, зэсийн үйлдвэрлэл нэмэгдэнэ. Тэр хэрээр орон нутгийн усан хангамжийн хүртээмжид ноцтой ачаалал үүсэх нь. 2030 онд энэ бүс нутгийн уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэглээ орон нутгийн нийлүүлэлтийн 98 хувийг бүрдүүлнэ гэсэн дүр зураг гарчээ.





Монгол Улсын ДНБ-ний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.


2020-2030 оны хооронд уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ ханш урт хугацаанд эерэг байх хүлээлттэй. Үүнтэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллароос 12.5 тэрбум ам.доллар болж өсөхөөр байна.

Монгол Улсын ДНБ жилд 5 хувь өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд байсан 19.7 хувиас 2030 онд 32.7 хувь болж өснө гэсэн таамаглалыг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дээрх судалгааны компани гаргажээ.

Үндэсний баялгийн сан байгуулах хуулийн төслийг танилцуулж буй хүрээнд УУХҮЯ-ны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр судалгааны "CRU consulting" компани Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй баялгийн санг хэрхэн оновчтой хөгжүүлэх талаар зөвлөн ажиллаж байна

Related news