“Нүүдэлчдийн баяр наадам”-аар үндэсний өв соёлоо танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-15 17:42:49

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй зочдод зориулсан "Нүүдэлчдийн баяр наадам" Чингисийн хүрээ цогцолборт 17.00 цагт эхэллээ. 

Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Мөн энэ үеэр зочид төлөөлөгчид Францад болсон халдлагатай холбогдуулан эмгэнэл илэрхийлэн, нэг минут дуугүй зогсов.

Наадмын үеэр ардын болон язгуур урлагийн тоглолт, эрийн гурван наадам, хурдан морины уралдаан, сур харваа зэрэг монгол зан заншил ахуйг харуулсан бусад арга хэмжээг зохион байгуулахаас гадна зочдод зориулан “АСЕМ-11”-ийн бэлгэ тэмдгийг харуулсан гэр хэлбэртэй тайз засчээ. Мөн “Монголын нэг өдөр” сэдэв дор таван хошуу мал ахуйгаа танилцуулж байна.

Тус наадамд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн төр засгийн тэргүүд, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news