ОХУ, Монгол Улс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-17 00:51:39

МОСКВА. /TASS/. ОХУ, Монгол Улс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна гэж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан баталсан хамтарсан тунхаглалд дурджээ.


Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн чухал хэсэг гэж үзэж, цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх замаар батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдөө солилцох, хамтарсан сургуулилалт хийх, соёл, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна" гэж Кремлийн цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт дурдсан байна.


Түүнчлэн Халхын гол, Аугаа эх орны болон Дэлхийн II дайны ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, мөн эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг талууд дэмжинэ гэж онцлон тэмдэглэжээ.


Тунхаглалд зааснаар талууд терроризм, экстремизм, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус наймаа, эдийн засаг, байгаль орчны гэмт хэрэг, түүнчлэн олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгнө.


"Энэ зорилгоор талууд хоёр улсын прокурор, шүүх, хил хамгаалах, хууль сахиулах байгууллага, тусгай албад хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж тунхаглалд дурджээ.


Олон улсын байгууллагуудын хүрээнд хийх хамтын ажиллагаа

ОХУ, Монгол Улс мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо.


“НҮБ, “Ази-Европ”-ын чуулга уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны бүс нутгийн аюулгүй байдлын чуулга уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр талууд тохиролцов" гэж баримт бичигт дурджээ.


Түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн олон асуудалд хандах хандлага ижил төстэй байдгийг онцлоод, олон улсын байгууллага, бүс нутгийн тавцан дахь хоёр талын бодлогын одоогийн уялдаа холбоонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тунхаглалд дурдсанаар, талууд гадаад бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох хоёр талын зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлнэ. 


ОХУ, Монгол Улс мөн “олон улсын тавцанд болон бүс нутгийн үйл хэрэгт нөгөө талын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хор хохирол учруулах алхам хийхгүй" гэдгээ нотоллоо. Үүний зэрэгцээ Монголын тал Евразийн томоохон түншлэл байгуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


"Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарт одоо байгаа хамтын ажиллагааны механизмд нэгтгэх замаар өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв" гэж тунхаглалд мөн дурдсан байна. 


Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Related news