Туркчүүд ардчиллын ялалтыг тэмдэглэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-17 08:52:08

АНКАРА/ИСТАНБУЛ. /Anadolu/. Баасан гарагийн шөнө “FETO” террорист бүлэглэлийн цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы уриалгаар өчигдөр Турк даяар хэдэн мянган хүн ардчиллын ялалтыг тэмдэглэн жагслаа.

Нийслэл Анкара хотын төвд байрлах Кизилая буюу Эрх чөлөөний талбайд хэдэн мянган оршин суугч, тэдний дотор хүүхэд болон эмэгтэйчүүд төрийн далбаагаа намируулж, засгийн газар болон ардчиллыг дэмжсэн уриа хэлж байлаа.

Туркийн эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын гишүүн, Анкара хотын дарга Мелих Гёкчек цугласан олонд хандан үг хэлэхдээ “Турк одоо урьдын Турк биш болсон. Зэвсгийн хүчээр энэ улсыг бөхийлгөж чадахгүй” гэв.

Цэргийн эргэлт хийхийг оролдсоныг Истанбулын оршин суугчид мөн эсэргүүцэн хот даяараа жагслаа.

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымын хэлснээр, баасан гарагийн шөнө Туркийн армийн доторх цөөнхийн фракцынхан тус улсын хууль ёсны засгийн газрыг түлхэн унагаахыг оролдсон  юм. Цэргийн эргэлт хийхийг оролдох явцад 161 хүн амь үрэгджээ.

Цэргийн эргэлт хийхийг оролдоход оролцсон 2839 цэргийг баривчилсан байна.

Төрийн эргэлт хийх оролдлогыг Америкт байгаа санваартан Фетулла Гуллены дагагчид зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар үзэж байна. Фетулла Гуллен нь Турк дэх дэмжигчдэдээ, ялангуяа арми, цагдаа болон хууль шүүхийн байгууллагынханд засгийн газрыг түлхэн унагаахыг нэг бус удаа уриалж байжээ.

Г.Доржханд

Related news