“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын талаар Ши Жиньпиний хэлсэн үгс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-01-05 20:20:11

БЭЭЖИН. /CGTN/. Өвлийн олимпын XXIV наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна.


Тус улсын дарга Ши Жиньпин мягмар гарагт Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ “Спорт бол хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах чухал хэрэгсэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч бөгөөд улс орны соёлын чадавхыг харуулах чухал талбар юм” гэж хэлжээ.


Тэрбээр өнгөрсөн хугацаанд Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажилтай хэд хэдэн удаа танилцсан бөгөөд “гайхамшигтай олимпын наадам” үзүүлэхээ дэлхий нийтэд амласан юм.  Ингээд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын талаар түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе.


  • Спорт нь хүн ардын эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй өөр өөр улс орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлдэг. Эв нэгдэл, найрамдал, энх тайван гэх мэт олимпизмын үзэл санаа Хятадын ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий оршдог.
  • Хятад улс өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаар Хятадын 300 сая иргэн өвлийн спортоор сонирхон хичээллэх үндэс суурь тавигдах бөгөөд ингэснээрээ олон улсын олимпизмын үйл хэргийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах болно.
  • “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах гол зорилгуудын нэг нь Хятадын өвлийн спортын хөгжлийг хурдасгах, спортод бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх юм.
  • Хятад улс дэлхий нийтэд ногоон, хүртээмжтэй, нээлттэй бөгөөд авлигаас ангид Өвлийн олимпын наадмыг үзүүлэхийн төлөө уйгагүй зүтгэнэ.
  • Өвлийн олимп болон паралимпын наадмыг зохион байгуулах нь Хятадын Коммунист нам болон Хятад улсын хувьд чухал ажил бөгөөд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт өгсөн амлалтаа биелүүлж буй хэрэг юм.
  • Бүх тал энэ өвлийн олимпын наадамд идэвхтэй оролцож, цар тахлын нөлөөг даван туулж, олимпын наадам аюулгүй бөгөөд амжилттай болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
  • Дэлхий дахинд гайхамшигтай олимпын наадмыг үзүүлэхийн төлөө Хятад улс чадах бүхнээ хийх болно. Дэлхий дахин тэр чигтээ Хятад руу харж байна, Хятад улс бэлэн.


“Бээжин-2022” өвлийн олимпын наадам нь хоёрдугаар сарын 4-20-нд болох бол Өвлийн паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-нд болно.


Зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр, “Бээжин-2022” өвлийн олимпын тэмцээн уралдаанууд болох байгууламжууд нь бүгд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах бөгөөд үүгээрээ урьд урьдын олимпын наадмуудаас онцлогтой юм.


Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.


Related news