БНАСАУ Бээжингийн Олимпод оролцохгүй гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-07 10:46:00

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ удахгүй болох Бээжингийн Олимпын наадмыг бүх талаар дэмжиж байгаа ч оролцож чадахгүй болсноо БНХАУ-ын талд мэдэгдсэн талаар БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баасан гарагт мэдээлжээ. Мөн АНУ-ыг өвлийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэж байгааг нь шүүмжилсэн байна.


"БНАСАУ-ын Олимпын хороо, Биеийн тамир, спортын яам энэ талаараа Хятадын Олимпын хороо тэргүүтэй байгууллагуудад лхагва гарагт захидлаар дамжуулан мэдэгдсэн" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.


“Бид дайсагнагч хүчнүүдийн шийдвэр хийгээд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас Олимпын наадамд оролцох боломжгүй болсон ч гайхамшигтай сайхан Олимпын наадам зохион байгуулахын төлөөх Хятадын нөхдийнхөө хүчин чармайлтыг бүх талаар дэмжих болно” гэж “KCNA” агентлаг захидлыг эш татан уламжилжээ.


Өнгөрсөн онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ БНАСАУ-ыг Токиогийн Олимпын наадамд “COVID-19” цар тахлын улмаас оролцохоос татгалзсаных нь хариуд Бээжингийн Олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн юм.


БНАСАУ мөн АНУ-ыг “Олимпын наадмын нээлтийг амжилттай явуулахад саад учруулах зорилгоор Хятадын эсрэг явуулж буй үйлдлээ улам бүр ил тод болгож байгааг” шүүмжилсэн нь Хятадын хүний эрхийн байдалтай холбогдуулан Засгийн газрын төлөөлөгчдөө илгээхгүй байх Вашингтоны шийдвэрийг илэрхийлсэн бололтой байна.


“БНАСАУ-ын Олимпын хороо, Биеийн тамир, спортын яамны хувьд ийм үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Олимпын Хартийн үзэл санааг үл хүндэтгэсэн, олон улсын тавцан дахь БНХАУ-ын дүр төрхийг гутаах гэсэн оролдлого хэмээн үзэж байна” гэж захидалд дурджээ.


БНСУ нь олон улсын спортын тэмцээнүүдээр дамжуулан БНАСАУ-тай харилцаа холбоогоо сэргээж, Солонгос хоорондын “хөрсөн” харилцааг сайжруулна гэж найдаж байсан юм. Гэвч ийм боломж улам бүр багасаж байгааг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён өнгөрсөн сард мэдэгдсэн байна. 

Related news