Цагаан олимпын түүхэн замнал - “Шамони-1924”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-10 08:59:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 25 хоног үлдээд байгаатай холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байна.


Өвлийн спортын төрлүүд эхэн үедээ зуны олимпын наадмын хүрээнд багтдаг байлаа. Анх 1908 оны Лондонгийн олимпод уран гулгалт багтсан бол Бельги улсын Антверпен хотноо болсон 1920 оны VII олимпын наадамд шайбтай хоккей орсон түүх бий.


Өвөл, зуны спортын төрлүүдийн тэмцээнийг хамтад нь зохион байгуулах нь зохимжгүй байсан учраас Олон улсын олимпын хороо /ОУОХ/ өвлийн олимпыг тусад нь явуулах шийдвэр гаргаж, 1921 онд Лозаннд болсон хурлаараа анхны эрхийг Францын Шамони хотод өгч байжээ.


Ингээд анхны өвлийн олимп 1924 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулж байв.


Анхны наадамд 16 орны 258 тамирчин /247 эрэгтэй, 11 эмэгтэй/ 16 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Францчууд олимпод зориулж трамплин, бобслейн зам шинээр байгуулсан бөгөөд үүнд хоёр сая гаруй франк зарцуулжээ. Энэ мэт нэлээд зардал гаргасан боловч ашиг олох нь байтугай алдагдал хүлээсэн гэдэг.


Олимпын турш ердөө 10 мянган тасалбар зарагдсан бөгөөд нийт 88 сурвалжлагч албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан түүхтэй юм байна.


Харин цаг агаарын нөхцөл байдал анхны олимп зохион байгуулахад саад болж байлаа. Баруун Европын хамгийн өндөр уул Монбланы хормойд орших Шамонид 12 дугаар сар гэхэд ямар ч цас унасангүй. Олимпыг хойшлуулах уу гэсэн яриа хүртэл гарч байтал удалгүй цас орж, зохион байгуулагчдыг тайвшруулав.


Гэтэл хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр оройтож орсон цас нь сүүлдээ шуурга болж, хотын зарим хэсэг 1.5 метр хүртэл цасан хунгарт дарагдаж олимпын үеэр ч цаг агаар тавгүй байжээ.


Тухайлбал, цанын 50 км-ын марафон уралдааны үеэр хүчтэй цасан шуурга тавьж, тамирчдын тэвчээрийг шалгажээ. Түрүүлсэн Торлейф Хеуг гэхэд замаа гурван цаг 44 минутад дуусгасан бөгөөд сүүлийн хүн түүнээс хоёр цаг хагасаар хоцрон барианд орсон юм. Нийт 23 тамирчин уралдсанаас 12 нь замаа дуусгаж чадсангүй.


Анхны цагаан олимп улс төрөөс ангид байгаагүй. Цанын тэмцээний үеэр Аргентин, Эстонийн тамирчид германчуудтай нэг замд уралдахаас татгалзав. Мөн Францын ҮОХ-ноос ЗХУ-д урилга илгээсэн ч үл ойшоосон юм. Зөвлөлтүүд 1956 оноос л өвлийн олимпод оролцож эхэлжээ.

                                               

                                           Анхны олимпын сонирхолтой баримтууд


-Багийн дүнгээр норвегичууд тэргүүлж, Финландын баг тэднээс мөнгөн медалийнхаа тоогоор хоцорсноор хоёрдугаар байрт оржээ. Зохион байгуулагчид гурван хүрэл медальтай есдүгээрт жагссан бол бобслейн төрөлд нэг хүрэл хүртсэн Бельги аравт орсон байна.


-Их Британи 44 тамирчнаа илгээсэн нь хамгийн нүсэр бүрэлдэхүүнд тооцогдож байв. Тэднээс араас Франц /43/, Швед /31/ жагсчээ. Харин Латвиас хоёр, Австри, Унгар, Югославаас тус бүр дөрвөн тамирчин улсаа төлөөлөн оролцлоо.


-Олимпын анхны аваргаар гүйлтийн тэшүүрийн Чарльз Жетроу тодров. 500 метрт уралдсан америк эр өөрийн замаа 44.0 секундэд туулжээ.


-Норвеги цаначин Торлейф Хауг энэ олимпын гол баатар нь байв. Тэрбээр 18, 50 км болон цанын хоёр төрөлтөд түрүүлж, багтаа гурван алтан медаль авчирсан юм.



-Эмэгтэйчүүд энэ олимпод ганцхан төрөл буюу уран гулгалтад өрсөлджээ. Норвегийн Соня Хени оролцогчдоос хамгийн залуу нь хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Наймдугаар байр эзэлсэн тэрбээр олимпод оролцох үедээ 11 нас, 295 хоногтой байжээ.


-Харин хамгийн ахмад тамирчин нь Шведийн кёрлингийн багийн гишүүн Карл Август Кронлунд. Нээлтийн өдөр тэрбээр 58 нас, 155 хоногтой байсан бөгөөд багаараа мөнгөн медаль хүртсэн юм.


-Шведийн Гиллис Графстрем уран гулгалтад түрүүллээ. Үүнээс өмнө тэрбээр 1920 оны Антверпений зуны олимпын уран гулгалтад мөн аваргалж байжээ. Ингэснээр швед эр өвөл, зуны олимпод түрүүлсэн анхны тамирчин болж түүхэнд үлдсэн юм. Үүнээс найман жилийн дараа Америкийн Эдди Иган түүний амжилтыг давтсан байдаг. Тэрбээр 1920 оны олимпод боскоор түрүүлж, 1932 оны Лейк Плэсидэд бобслейгээр алт зүүсэн авьяаслаг нэгэн байжээ.


-Олимпод 16 багц буюу нийт 48 медаль эзэндээ очих ёстой байсан ч үүнээс нэгээр илүүг өгөхөөс аргагүй болсон. Учир нь гүйлтийн тэшүүрийн 500 метрийн уралдаанд гуравт орж ирсэн хоёр тамирчны хугацаа ижил гарсан тул хоёуланд нь хүрэл медаль өгсөн юм.



-Канадын хоккейн шигшээ бүх таван тоглолтдоо дараалан хожиж аваргалахдаа 110 шайб оруулж, ердөө гурвыг алджээ. “Торонто Грэнайтс” хэмээн сонирхогчийн багийн залуус Чехословакийг 30:0, Шведийг 22:0, Их Британийг 19:2, Швейцарыг 33:0, АНУ-ыг 6:1-ээр хожсон юм. Тэмцээний шилдэг довтлогчоор Канадын багийн Гарри Уотсон тодорсон бөгөөд нийт 46 оноо (нэг тоглолтод дунджаар 9!) авчээ.


-Олимпын турш 10.044 тасалбар зарагдсан байна.


Медаль хүртсэн орнууд


Улс                    Алт    Мөнгө   Хүрэл   Нийт


1.Норвеги          4           7           6          17


2.Финланд         4           4           3          11


3.Австри            2           1           -           3


4.Швейцар        2           -           1           3


5.АНУ                1            2           1          4


6.Их Британи    1            1           2          4


7.Швед              1            1           -          2


8.Канад             1            -            -          1


9.Франц            -            -             3         3


10.Бельги          -             -            1        1


Нийт                 16           16          17      49




Related news