Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөхийг автомашинаар байлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-18 11:45:28

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.


Тэгвэл тус ойн хүрээнд зохион байгуулах улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болно. Тус барилдаанд зодоглохоор өнөөдрийн байдлаар улсын аварга О.Хангай, арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарди Б.Гончигдамба, заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, М.Лхагвагэрэл тэргүүтэй 150 гаруй бөх бүртгүүлжээ. Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмаар шинээр цол авсан бөхчүүдээс Дорноговь аймгийн Айраг сумын харьяат улсын начин М.Бямбадорж зодоглох аж. Барилдааны бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах бөгөөд түрүүлсэн бөхийг суудлын автомашинаар байлах юм. Харин үзүүрлэсэн нь 30, их шөвөгт шалгарсан бөх 10 сая төгрөг гардана.


Тэгвэл энэхүү барилдааны дараа буюу энэ сарын 26, 27-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулах бөгөөд түрүүлсэн нь “Ланд Круйзер-300” маркийн автомашин хөлөглөөд буцах юм. Харин энэ сарын 29, 30-нд Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 256 бөхийн барилдаантай. Тус наадамд түрүүлсэн бөх “Лексус 600” маркийн автомашин гардах бол үзүүрлэсэн нь гурван өрөө байр авна.


Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан болон Дорноговь аймгийн Сайншандад Говь болон, Зүүн бүсийн даншиг наадам болох хуваарьтай байна. 

Related news