Ираны Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-19 13:10:44

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны төрийн тэргүүн Эбрахим Раиситай лхагва гарагт Москва хотод хэлэлцээ хийнэ.


Раиси өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон бөгөөд тэрбээр сонгогчдын 60 гаруй хувийн саналыг авчээ.


ОХУ-д удахгүй хийх айлчлал нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хийж буй анхны гадаад айлчлал болох бөгөөд өнгөрсөн саруудад Раиси, Путин нар хэд хэдэн удаа утсаар ярьсан байна.


Хэлэлцэх асуудлууд

Ерөнхийлөгч нар худалдаа-эдийн засгийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааны бүх асуудлыг, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцээний үеэр “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” буюу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг хэрэгжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр, уулзалтын үеэр Путин, Раиси нар хоёр талын хэлэлцэх асуудлуудыг “дансална”. Бусад сэдвийн хүрээнд тэд Персийн булангийн байдал, НҮБ болон олон улсын бусад байгууллагууд дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж. 


Харин Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде мэдэгдэхдээ, ОХУ-д  удахгүй хийх Раисигийн айлчлал нь "Техраны тэнцвэртэй гадаад бодлогын үргэлжлэл" юм гэжээ.


Ираны Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахынхаа өмнө олон улсын хэрэг эрхэлсэн зөвлөхтэйгөө болон тус улсын шашны удирдагч аятолла Али Хаменей Али Акбар Велаятитай зөвлөлдсөн байна.


Путинтэй уулзсаныхаа маргааш нь буюу нэгдүгээр сарын 20-нд Раиси Төрийн Думын хуралдаанд үг хэлнэ.


Related news