Халдвар тархах эрсдэл маш өндөр үнэлгээтэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-20 17:43:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт коронавирусний халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа. Аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан эрсдэлийн үнэлгээний баг үнэлгээ хийж, халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэл өндөр байна гэж үзжээ.

Халдварын тархалтын түвшнээр улаан бүсэд байгаа учир тухайн нөхцөлд хэрэгжүүлэх арга хэмжээ авч дархлаажуулалтыг эрчимжүүллээ. Эрүүл мэндийн байгууллага бүх бэлэн байдлаа хангаж байна. Хамгаалах хэрэгсэл, эмийн хувьд 1-3 сарын нөөцтэй байна. Өнгөрсөн хоногт PCR-ын шинжилгээгээр 18 хүүхэд, 47 том хүн халдвар авсан нь оношлогдсон. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдээд байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт коронавирусний халдварын 11892 тохиолдол бүртгэгдээд байна. Эмчлүүлж байгаа 229 иргэнээс гэрээр 96, эмнэлэгт 133 хүн байна. Тэднээс биеийн байдал нь хөнгөн 211, хүндэвтэр 12, хүнд дөрөв, нэн хүнд хоёр хүн байгаа аж.

Related news