Тонга улс олон улсын тусламжийг хүлээн авч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-01-21 10:04:14

СИДНЕЙ. /Kyodo/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт усан доорх галт уул дэлбэрсний улмаас цунамигийн гамшиг нүүрлэсэн Тонга улс Австрали, Шинэ Зеландаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг пүрэв гаргаас хүлээн авч эхэлжээ.


Тодруулбал, Шинэ Зеланд, Австралиас нэн шаардлагатай тусламжийг тээвэрлэсэн нисэх онгоцнууд нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын нисэх, буух зурваст тогтсон галт уулын үнс нурмыг цэвэрлэж дууссаны дараа буюу пүрэв гаргийн үдэд газардах боломжтой болсон байна.


Номхон далай дамнан цунамигийн давлагаа үүсгэсэн Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлтийн улмаас Тонгад гурван хүн амиа алдаж, олон байшин барилга, дэд бүтцэд ноцтой хохирол учирсан юм.


Австралийн Батлан хамгаалахын сайд Питер Даттон тус улсын агаарын цэргийн хүчний нисэх онгоц пүрэв гаргийн үдэд газардсаныг батлан мэдэгдээд, “Тонга улс нь Номхон далайн “гэр бүлийн” маань маш чухал гишүүн бөгөөд бид чадах чинээгээрээ туслах үүрэг амлалт өгсөн” гэж “Facebook” хуудсандаа нийтэлсэн байна.


Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Наная Махута мөн “хүмүүнлэгийн тусламж болон цэвэр усны сав, түр хорогдох байранд шаардагдах эд зүйлс, генератор, харилцаа холбооны хэрэгслүүд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламжийг” тээвэрлэсэн “C-130 Hercules” нисэх онгоц Тонгад буусныг мэдэгджээ.


Мөн тээврийн суваг, усан онгоцны зогсоолын дэд бүтцийг шалган үнэлэх гидрографийн болон шумбалтын багийнхны бүрэлдэхүүн бүхий далай тэнгисийн эргүүлийн хөлөг онгоц пүрэв гаргийн орой Тонгад очих төлөвтэй байгаа талаар Шинэ Зеландын Засгийн газар мэдээлжээ. Түүнчлэн хөлгийн тавцан дээр хүмүүнэлгийн тусламжийг хүргэхэд дэмжлэг үзүүлэх “Seasprite” нисдэг тэрэг байгаа ажээ.


Шинэ Зеландаас их хэмжээний цэвэр ус болон далайн усыг давсгүйжүүлэх тоног төхөөрөмж ачсан хоёр дахь хөлөг онгоц баасан гарагт Тонгад хүрэх төлөвтэй байна гэж дээрх мэдэгдэлд дурджээ. 

Related news