Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатайгаар башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-21 16:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Таканошотой учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар  11 даваатай болов.

 

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Оношо/М-5/-той барилдаж түүнд күбинагe мэхээр унаснаар  5 даваа,  8 унаатай башёг үргэлжлүүлж явна.

 

Башёг тэргүүлж яваа 3 бөхийн 2 нь энэ өдөр хоорондоо таарсан бөгөөд Сэкиваке Митакэүми, Аби /М-6/-тай хүчээ сорин барилдсанаас Митакэүми ошидаши мэхээр давж 11 даваа, 2 унаатай болсон бол Аби 10 даваа, 3 унаатай болов.

 

Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/, Котоеко /М-17/-той учраа тааран барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяж 9 даваа, 4 унаатай боллоо.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Котоновака /М-14/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна

 

Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Тобизарюү /М-8/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа,  8 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Харин 13 дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Саданоүми /М-11/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 7 даваа, 6 унаатай болов.

 

Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Ура /М-2/-тай хүч үзэж түүнд ёрикири мэхээр ойчиж 9 унаа, 4 даваатай энэ башёд амжилт тааруухан байна. 

Related news