Антальяд сүүлийн 29 жилд анх удаа цас оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-01-25 16:07:17

АНКАРА. /TASS/. Туркийн өмнөд нутагт орших Анталья хотын төвд сүүлийн 29 жилд анх удаа цас орсон тухай “Hurriyet” сонин мэдээлжээ.


Анталья хотод хамгийн сүүлд 1993 оны нэгдүгээр сарын 7-нд ийм их хэмжээний цас орж, 5 см зузаан цасан бүрхүүл тогтож байжээ.


Туркийн баруун хойд нутагт нэгдүгээр сарын 21-нээс хүчтэй цасан шуурга шуурч эхэлсэн байна. Тус улсын хамгийн том хот Истанбул шуурганд хамгийн ихээр өртжээ. Мягмар гарагт эрх баригчид 15:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглож, хотын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг түр зогсоосон байна. Гантиг тэнгисийн зарим бүс нутагт дунджаар 50-60 см цас унажээ. Түүнчлэн төвийн нутгийн зарим муж болон өмнөд нутагт цас орсон байна.   


Туркийн онцгой байдлын газраас цас үргэлжлэн орж буй бүс нутгуудын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Истанбулд цас баасан гараг хүртэл үргэлжлэн орно гэж цаг уурчид таамаглаж байна. Их хэмжээний цас орсны улмаас Туркийн гол авто замуудад түгжрэл үүсжээ.


Анкара, Истанбул хотыг холбосон хурдны зам болон Истанбулын нисэх онгоцны буудал руу хүрдэг замууд хэдэн цагийн турш түгжирсэн байна.

Related news