АНУ-д их хэмжээний цас орсны улмаас олон мянган нислэг цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-01-30 11:49:56

ВАШИНГТОН. /RT/. Бямба гарагт АНУ-ын Зүүн эрэгт  их хэмжээний цас орж, шуурсны улмаас 3500 гаруй нислэг цуцлагдаж, 80 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ.


Байгалийн гамшигт үзэгдэл Өмнөд болон Умард Каролинагаас эхэлж, Атлантын далайн эрэг дагуу хойд зүгт буюу Делавэр, Нью-Жерси, Нью-Йорк муж улсуудыг дайран Шинэ Английн бүс нутгийн муж улсууд руу /Коннектикут, Мэн, Массачусетс, Нью-Хэмпшир, Род-Айленд, Вермонт/ шилжиж байгаа аж.


“Poweroutage.us” интернэт эх сурвалжийн мэдээлснээр, Массачусетс муж улсад 79 мянга гаруй, Делавэрт дөрвөн мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон байна.


Бямба гарагт АНУ руу болон тус улсаас үйлдэх, мөн дотоодын 3 520 нислэг цуцлагдсан гэж “FlightAware” цахим хуудас мэдээлжээ.


Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал ирэх нислэгүүдийн 72 хувийг, хөөрөх нислэгийн 80 хувийг, "Ла-Гардия" нисэх буудал ирэх нислэгийн 97 хувийг, Ньюарк хотод 91 хувийг, Бостонд 91 болон 93 хувийг тус тус цуцалсан байна. Ням гарагт 800 гаруй нислэг цуцлагджээ.


Массачусетс муж улсад эрх баригчид том оврын ачааны машинуудыг шулуун замаар зорчихыг хориглож, оршин суугчдад шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг зөвлөсөн байна.


Цаг уурчдын мэдээлснээр, цасан шуурга ням гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.


Related news