БНХАУ, Монгол Улс хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-02-06 10:08:34

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй бямба гарагт уулзлаа.


Ли Көчян уулзалтын үеэр БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг дэд бүтцийг хөгжүүлэх, цар тахлыг хяналтад авах тэргүүтэй салбарт ахиулна гэв. Тэрбээр хоёр орон сайн хөрш, анд нөхөр, түншүүд болохыг цохон тэмдэглээд, Хятад улс хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хоёр талын боомтын хэвийн үйл ажиллагааг хангахыг чухалчилна гэдгийг илэрхийлжээ.


Мөн төмөр зам, хурдны зам, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгууллалтыг ахиулж, зах зээлийн зарчим, бизнесийн дүрэм журмын дагуу найрсгаар хамтран ажиллахаа амлаад, Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх чиглэлд Монгол Улсад хүчин чадлынхаа хэрээр дэмжлэг, тусламжийг үргэлжлүүлэн үзүүлнэ гэж нэмж хэлсэн байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд цар тахалтай тэмцэх үйлсэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, “COVID-19”-тэй тэмцэх хийгээд хилийн боомтуудыг нээлттэй байлгах чиглэлд Хятадын талтай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Мөн тэрбээр хоёр орон хөгжлийн стратегиа илүү уялдуулж, эрчим хүч, уул уурхай, тээврийн дэд бүтэц болон цөлжилтөөс сэргийлэх, зогсоох чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой хэмээн хэлсэн байна. 



Related news