Хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтыг Питер Жексон тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-10 12:07:48

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Америкийн “Forbes” сэтгүүл шоу бизнесийн хамгийн их орлого олсон төлөөлөгчдийн шинэ жагсаалтаа лхагва гарагт танилцууллаа. Уг жагсаалтыг Шинэ Зеландын кино найруулагч Питер Жексон тэргүүлсэн байна. 


Өнгөрсөн онд тэрбээр 580 сая ам.долларын орлого олж, энэ үзүүлэлтээрээ бусад алдартнуудыг тэргүүлжээ. Кино урлагийн хамгийн алдартай студийн нэг болох тусгай эффектийн “Weta Digital” студиэ Америкийн программ хангамжийн “Unity Software” компанид 1.6 тэрбум ам.доллароор худалдсанаа “Бөгжний эзэн” гурамсан киноны найруулагч (The Lord of the Rings, 2001-2003) өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-нд мэдэгдсэн юм. Энэхүү “наймаа” нь Жексонд “Forbes”-ийн жагсаалтад тэргүүлэх байрыг авчирснаас гадна, Стивен Спилберг, Жорж Лукас нарын дараа гуравт бичигдэх тэрбумтан найруулагч болгожээ.


Жагсаалтын хоёрдугаарт 435 сая ам.долларын орлого олсон Америкийн дуучин, хөгжимчин Брюс Спрингстин бичигджээ. “Forbes” сэтгүүлд мэдээлж буйгаар, тэрбээр өөрийн дууны бүх каталогийн эрхийг “Sony” компанийн хөгжмийн хэлтэст 500 сая ам.доллароор худалдсан байна.


Америкийн рэп дуучин Жей-Зи (340 сая ам.доллар), жүжигчин, бөх Дуэйн Жонсон (270 сая ам.доллар) нар гурав, дөрөвдүгээрт жагссан бол тавдугаарт, Америкийн дуучин Канье Уэст (235 сая ам.доллар) оржээ.


Шоу бизнесийн хамгийн их орлоготой бүсгүйгээр жагсаалтын 12 дугаарт (115 сая ам.доллар) бичигдсэн Америкийн жүжигчин Риз Уизерспун болсон байна. Тэрбээр наймдугаар сард “Hello Sunshine” хэвлэлийн компанийнхаа нэг хэсгийг хөрөнгө оруулалтын “Blackstone” группт 900 сая ам.доллароор худалджээ. Үүнээс гадна, жүжигчин бүсгүй “Өглөөний шоу” (The Morning Show, 2019) цуврал киноноос 20 сая ам.долларын орлого олсон байна.


Шоу бизнесийн хамгийн их орлоготой 25 төлөөлөгчийн нийт орлого өнгөрсөн онд 4.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь татвараас өмнөх мөнгөн дүн юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд алдартнуудын дийлэнх нь шинэ уран бүтээл хийгээгүй ч энэ үзүүлэлтэд хүрснийг “Forbes” онцолжээ. 

Related news