Коала баавгайг устах аюулд орсон амьтдын жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-02-11 15:08:53

СИДНЕЙ. /TASS/. Австралийн гурван бүс нутагт коала буюу уутат баавгайг устаж үгүй болох аюулд орсон амьтдын жагсаалтад оруулсныг тус улсын Байгаль орчны сайд Сьюзан Лей мэдэгджээ.


“Бид эрдэмтэд, судлаачид, малын эмч, байгаль хамгаалах байгууллагууд, түүнчлэн бүс нутгийн эрх баригчид, уламжлалт газар эзэмшигчдийн нийгэмлэгүүдтэй нягт хамтран ажиллах замаар коалаг хамгаалахын тулд урьд өмнө байгаагүй алхмуудыг хийж байна. Өнөөдөр би эдгээр амьтныг Шинэ Өмнөд Уэльс, Квинсленд мөн Австралийн  нийслэлийн бүсийн нутаг дэвсгэрт төрөөс хамгаалах түвшнийг дээшлүүлж, устах аюулд ороод байгаа амьтдын жагсаалтад оруулж байна” гэж сайд яамныхаа цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.


Австралийн Засгийн газар 2019-2020 оны ойн түймэрт өртсөн амьтдын тоо толгойг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд амьтдын төрөл зүйлийг хамгаалах шинжлэх ухааны улсын хороонд 200 сая австрали доллар буюу 144.7 сая ам.доллар хуваарилсныг сануулжээ. Үүнээс гадна, коала баавгайг тоолох, үзлэг хийх, эмчлэх, мөн амьдрах орчныг нь нөхөн сэргээх хөтөлбөрт 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулсан байна. 


Австралийн байгаль орчныг хамгаалах яамны мэдээлснээр, сүүлийн 20 жилд Шинэ Өмнөд Уэльс, Квинсленд мужуудад коала баавгайн тоо толгой 60 болон 50 хувиар тус тус буурчээ. Эдгээр амьтад 2019-2020 оны ойн түймэрт хамгийн их өртсөн бөгөөд тус улсын зүүн эрэгт коалагийн тоо толгой  25-30 хувиар буурсан байна.


Related news