“Өвлийн аялал жуулчлалын бүс”-ээ тодорхойлох шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Boloryanjindulam@gmail.com
2022-02-14 19:51:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойд туйлаас 900 км зайтай Франц улс Иосифийн арлаа, АНУ Аляскийн хойгоо, Норвег улс Шпицбергээ “өвлийн аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Эдгээр газарт байдаг шиг цастай уул, цасан тал, мөсөн гол бүгд Монголд бий. Гэвч Хятад, Японы жуулчдын хувьд хаяанд нь байгаа Монголыг алгасан тэр алс холын цас мөсийг зорьдог. Чухам яагаад? Манай улсын хувьд өвлийн аялал жуулчлалын менежментийг эрчимтэй хөгжүүлэхэд ямар чиглэл баримталж ажиллах шаардлага байгаа талаар зөвлөх багш, "Монголиан гайд тур" ХХК-ийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа.


- Зогсолтод ороод байсан аялал жуулчлал одоо л “амь” орж байна гэхэд хилсдэхгүй. Салбарынхан ч нэгдэж олон том ажил өрнүүлж байна. Та ч мөн энэ ажилд гар бие оролцож яваа хүний нэг. Гэхдээ энэ удаагийн ярилцлагаар өвлийн аялал жуулчлалын менежментийн талаар ярилцмаар байна. Танай компани энэ жил өвлийн туризм зохион байгуулж чадав уу? 


-Урин дулаан цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе байдаг хэдий ч сая жуулчин хүлээн авах зорилгоо биелүүлэхийн тулд “жуулчны улирлыг уртасгах" бодлого зайлшгүй шаардлагатай. Өвөл болдоггүй, цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэх “өвлийн менежмент”-ийг хэрэгжүүлэх сэдвийг ярилцах аль хэдийн болсон. Манай компани цар тахлын нөхцөл байдлын улмаас бусдын жишгээр ямар нэгэн аялал зохион байгуулж амжаагүй.


- Өвлийн аялал жуулчлал нь эдийн засгийн үр өгөөжөөс эхлээд энэ салбарын хөгжилд томоохон түлхэц болох нь дамжиггүй. Ер нь өвлийн аялал жуулчлал ямар онцлог ач холбогдолтой вэ?


- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зуны аялал жуулчлалын чанарыг бэхжүүлэх, өндөр түвшинд хүргэх бодлогын дамжин өнгөрөх зам юм. Өвлийн аяллыг хөгжүүлснээр Монголын жуулчны улирлыг уртасгах, хүний нөөцийг барьж тогтоох, оролцогч ба хөгжүүлэгч талуудын ур чадварыг дээшлүүлэх, орон нутагт эдийн засгийн үр өгөөж өгөх, улмаар олон улсын жуулчдыг өвлийн улиралд татах, байршуулах ба зочлох үйлчилгээг тасралтгүй байлгах, тэдний үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тийм учраас Монгол Улсыг олон улсын өвлийн аялал жуулчлалтай орнуудын тоонд бага багаар оруулах хэрэгтэй. Орон байр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал цэгүүдийн нэг болно. Энэ нь шинэ жуулчны бааз байгуулах гэхээс илүү одоо байгаа баазуудад “нэн шаардлагатай” үйлчилгээг бий болгох асуудал юм.



- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жуулчдыг байршуулах дулаан газраас эхлээд л дутагдаж байгаа зүйлс олон байдаг уу?


- Салбарын мэргэжилтнүүдийн ярианаас үзэхэд, өвөл зунгүй нээлттэй ажиллах дулаан, тохилог байршуулах хэрэгсэл дутагдаж байна. Зочдыг урин дуудах, саатуулах хөтөлбөрүүд, өвлийн спортын техник хэрэгсэл бүхий цана, чарганы баазууд, аюулгүй зам харилцаа, өвлийн аяллын зориулалттай хувцас хэрэглэлийн хангамж, аяллын эрсдэлийн даатгал гэх мэт эхлээд “саалиа бэлдэхээр саваа бэлдэх хэрэгтэй” гэдэг санааг тэд хэлж байгаа. Юуны түрүүнд дотоодын аялагч, амрагчдыг өвлийн аялал жуулчлалд татан оролцуулж тус салбарыг хөгжүүлсэн туршлага, үндэс суурин дээр гадаадын жуулчдын урсгалыг оруулах маркетинг хөгжүүлэх нь зөв болох болов уу.


- Манайд өвлийн улиралд зохион байгуулдаг хэд хэдэн үйл ажиллагаа бий. Тэднийгээ илүү хөгжүүлэх шаардлагатай юу, эсвэл гадны орнуудын туршлагаас судалж шинэ санаа, санаачлага хэрэгтэй байна уу?


- Гадаад орны өвлийн аялал жуулчлалын элементүүд, эвентийг хуулж Монголд буулгахад нутагших уу, үгүй юу гэдгийг сайтар авч үзэх ёстой. Эвент нь зөвхөн нэмэлт бүтээгдэхүүн байх ёстой бөгөөд өвлийн аялал жуулчлалын гол санаа биш баймаар байгаа юм. Өмнөх жилүүдийн туршлагуудаас харахад морь, тэмээ, цаа буга, нохой .. гэх мэт мал, амьтан оролцуулсан эвентүүдэд байнга хүндрэл учирч ирсэн. Шүлхий гарна, хөл хорионд орно, эсвэл цас орохгүй хуурайшина, чийггүй газар шороон дээр тоос манаргасан хөтөлбөрүүд явагддаг.

Гадаадын жуулчдыг одоохондоо татаж байгаа ганц эвент нь бүргэдийн баяр, харин засаж сайжруулан хөгжүүлэх эвент бол “Хөвсгөлийн мөсний баяр”, “Талын түмэн адуу”, “Тэмээний баяр”-ууд байна. Хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй зохион байгуулалт муу, завгүй байлгах хөтөлбөр дутагдалтай, байрлах газрууд хүрэлцэхгүй, хоол унд нь дутмаг, үзэгчид нь даарч зутардаг, орчны ариун цэвэр, бие засах газрын хүндрэл бэрхшээлүүд байдаг. Үзэгчдийн дийлэнх нь орон нутгийн хүмүүс өөрсдөө, санаачлагчид нь шүүмжлэл сонсох дургүй. Баян-Өлгий аймаг хоёр ч “бүргэдийн холбоо”-той болж эвентээ булаалдах хандлага ч гаргасан. Нохойн чарганы аялал нь анх шинэлэг сайхан хөтөлбөр байсан, үйлчлүүлэгч нь ихсээд ирэнгүүт “үйлчилгээ” гэдгийг мартсан. Ямар нэгэн амьтныг “зовоосон” үзүүлбэр, хөтөлбөрүүд цаашид нэг их хол явахгүй л болов уу. Эдгээр нь бүгд “мэргэжлийн” гэх ур чадвар дутагдаж байгаатай холбоотой.





- Жуулчдыг үргээдэг бас нэг хүчин зүйл нь томоохон эвентүүдийн болох хугацаа нь гэнэт өөрчлөгддөг явдал. Энэ нь жуулчдын итгэлийг алдах шалтгаан болдог болов уу?


- Тийм. Том эвентүүдийн зохион байгуулагдах өдрийг дур зоргоороо өөрчлөхийг болих хэрэгтэй. Өмнө нь эвент хооронд тухайлбал, “Мөрөн-Даланзадгад” хооронд 2-3 өдрийн зайтай дотоодын нислэг үйлдэж байсан. Энэ нислэгийг сэргээж, “УБ- Өмнөговь – Хөвсгөл– Баян-Өлгий” чиглэлээр зохицуулж чадвал илүү олон жуулчин авах боломжтой. Эвентүүдийг мэргэжлийн бус хүмүүс буюу орон нутгийнхан өөрсдөө бүхнийг хийх гэж оролдоод байна, мэргэжлийн баг ажиллуулах нь илүү үр дүнтэй.


- Бидэнд эвентээс гадна, өвлийн байгаль, энэ улиралд болдог үндэсний баяр цагаан сар гэх мэт жуулчдыг татах зүйлс олон байдаг...?


- Гаднын жуулчдын сонирхдог зүйлсийн нэг бол нүүдэлчдийн өвлийн амьдралын хэв маяг байдаг. Мөн Цагаан сарын баяр, халуун рашаан зэрэгт тулгуурлан аяллын маршрут хөгжүүлэх боломж бий. Хустайн нуруу ТХГН, Монгол номадик жуулчны баазыг гадаад, дотоодын жуулчдад зориулсан “өвлийн аялал жуулчлалын гол төв” болгон дэмжиж хөгжүүлэх боломжтой. Өвөл зунгүй ажилладаг байршуулах орон байр, халуун хоол унд, тав тух тэнд бий. Тахь, буга гээд харуулах ан амьтантай, монгол соёл, зан заншилтай танилцуулах хөтөлбөрүүдтэй, морь тэмээ, сарлаг гээд ердийн хөсгөөр аялах боломжтой. Ардын урлагийн тоглолт, өвлийн хувцасны шоу, дүрслэх урлагийн галерей зэргийг хөгжүүлэх бааз суурьтай. Эдгээр баазуудад тулгуурлан өвлийн зураг авах, өвлийн шувуу ажиглах гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Зуны улиралд ихээр зохион байгуулагддаг явган аялал, морин аялал, дугуйн аялал гэх мэтийг “жинхэнэ аялал жуулчлал” гэж харах ёстой.

Өвөл ирдэг аялагч зуныхаас хоногийн хувьд цөөн өдөр төлөвлөж ирнэ. Түүнд зөвхөн Монголоос л олж авах боломжийг мэдрүүлж, туршлагатай, чадварлаг хөтчийг дагалдуулах шаардлагатай. Туул, Тэрэлж, Орхон гэх мэт гол усны мөсийг түшиглэн нохойн чарга, морин чарганы 7-21 хоногийн аяллын хөтөлбөрүүд, мөсөн дээрх дугуйн аялал, мөсөн цооногны загасчлал, шинэ жилийн баярыг бүтээгдэхүүн болгон нутагшуулах боломжтой. Морин чарган дээр дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй гэж. Хойд туйлд ойрхон бүсүүдэд 10-20 мянган ам доллар зарцуулан байж аялдаг жуулчдын 90 хувийг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт ордог судалгаа байна. Дах, дэгтий, үслэг малгайнуудыг жуулчинд зориулан үйлдвэрлэж өвлийн эвентүүдийн хүрээнд “өвлийн монгол хувцасны шоу” зохион байгуулж болно.


- Өвлийн улирлыг цанын баазгүйгээр төсөөлшгүй. Монголд цанын баазын аяллыг хөгжүүлэх нөөц бололцоог та хэрхэн үздэг вэ?


- Монгол орны өвлийн уур амьсгалын өөрчлөлт, нөхцөлийг тодорхой болгох, Монголд орж буй цасны бүтэц ямар болох, энэ цасан дээр ямар техник хэрэгсэл ашиглаж болох судалгаагаа эхлээд хийх хэрэгтэй. Тухайлбал, Монголд Нордикийн цанын төрлийн спорт аяллыг хөгжүүлэх хэмжээний цас хангалтгүй байдаг. Цас, цана гэсэн сэдвийн хувьд цорын ганц боломж нь баруун бүс буюу Алтай таван богд, Цамбагарав, бусад хэд хэдэн газар байгаа боловч аюулгүй байдлыг хангахад бэрхшээл бий. Орон нутагт аврах баг байхгүй, аяллыг удирдан чиглүүлж, хянах чадвартай мэргэжлийн хүний нөөц байхгүй тул эрсдэлтэй.

Гэвч дотоодын жуулчдын хамгийн ихээр татагдан сонирхдог цана, чарга, тэшүүр, цасны мотоцикл, цасны завь, снөүбоард, бусад орчин үеийн цасны хэрэгсэлд тулгуурласан аялал, амралтын баазуудыг байгуулж хөгжүүлэх шаардлага бий. Энэ чиглэлийн техник хэрэгслийн импортыг татвараас чөлөөлөх, өвөл тасралтгүй ажиллах баазуудад дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх урамшууллын бодлого шаардлагатай.

Тав тухтай, хангамж сайтай, халуун хоол ундтай бааз байгуулбал маркетинг сурталчилгааны тал дээр хүндрэл чирэгдэл учрахгүй бөгөөд энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь монголчуудын дунд эрэлт ихтэй байдаг давуу тал бий. Тэдгээр техник хэрэгслийн хангамжтай баазууд дээр өвлийн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулж аялагчдыг татаж болно.


- Нэгэнт л өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлнэ хэмээн зорьж байгаа бол энэ чиглэлийн маркетингийн ажлаа орхигдуулахгүй байх ёстой. Ер нь манай орны хувьд өвлийн аяллын сурталчилгааг хангалттай хэмжээнд хийж чадаж байна уу?


- Аялал жуулчлалын маркетинг сурталчилгааны өнгө төрхийн 90 хувь нь урин дулаан зун цагийг илэрхийлж байдаг нь “Монголд зөвхөн зун л аялдаг юм байна” гэх ойлголтыг шууд төрүүлдэг. Сурталчилгааны 50 хүртэл хувийн орон зайг өвлийн өнгөөр сольж, хүйтний улиралд хийх боломжтой аяллын маршрутыг олон сонголтоор төлөвлөх хэрэгтэй. Видео шторк зэргийг ашиглан өвлийн аялал жуулчлалын брэндинг хийх, тухайн зорилтот зах зээл дээрх олон улсын инфлүүнсэрүүдийг ашиглах, тэднийг Монголд үнэгүй аялуулан сурталчилгаа хийлгэх, ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо өвлийн эвент, аяллын хөтөлбөрүүдээ түлхүү сурталчлах шаардлагатай. Mongolia expedition & tours, Window of Mongolia компаниуд сүүлийн 3 жилд энэ чиглэлээр уйгагүй ажиллаж өөрсдийн хэмжээнд видео контентууд хийж байна. Монголдоо бараг цорын ганц шахуу энэ мэт эхлэлийг дэмжих хэрэгтэй байна.

Санамсаргүйгээр нөлөөлдөг мэдээллийг багасгаж “Монгол орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, та даарч мэднэ, та зун л аялсан нь дээр” гэж ухуулдгаа болих, Монголын өвөл хүмүүсийн төсөөлж байгаа шиг аймшигтай биш, Монголын өвөл их хуурай тул бусад орны өвлийн улиралтай харьцуулахад их боломжийн давуу талтай гэдгийг ойлгуулах, интернет, YouTube эсвэл бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хайлтын үр дүнг сайжруулах бодлого хэрэгжүүлэх боломжтой.



- Жуулчны баазуудад өвлийн улиралд татварын хөнгөлөлт олгохоос эхлээд, брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай олон ажил үгүйлэгдэж байна. Таны хувьд өөр ямар саналыг дэвшүүлэх вэ?


- Хүйтний улиралд нисэх онгоц, галт тэрэгний тасалбар, зочид буудал, тусгай үзвэрийн үнийг 30 хувь хүртэл хөнгөлөх систем рүү шилжүүлэх, өвөл зунгүй ажиллах жуулчны баазыг өвлийн улиралд татвараас нь чөлөөлөх боломжтой. Бусад орны өвлийн аялал жуулчлалтай “Үнэ ба Монгол” гэсэн бодлогоор өрсөлдөх хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Мөн манай бренд болсон ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийн жуулчдын анхаарлыг татаж шоппинг аяллыг хөгжүүлэх боломж байна. Япон улс цагаан сарын долоо хоногоо “Хар 7 хоног” гэж нэрлэдэг бөгөөд Япон даяар бүх бараа 50 хувиас доош үнийн хямдрал зарладаг тул Зүүн өмнөд Азийн шоппинг турын аялагчид тэр үеэр “хахдаг” гэж хэлж болно. Якут гэхэд жил бүрийн 9-р сард дэлхийн алмааз эрдэнийн чулууны наймаачдыг татаж чадаж байна. Үүнтэй адилхан Монгол орон жил бүрийн 11-12-р сард зочид буудал, ноолууран бүтээгдэхүүндээ маш сайн хямдрал зарлаж гадаадын худалдан авагчдыг татаж

“Ноолуурын сар” болгон хэвшүүлж чадвал өвлийн жуулчлалд томоохон түлхэц өгч чадна.


- Ер нь өвлийн улиралд манайд аялж үзсэн жуулчдын сэтгэгдэл ямар байдаг вэ?


- Өвөл аялсан цөөн хэдэн жуулчдын сэтгэгдлээс үзэхэд, “Монголын байгаль, тайван амгалан нам гүм байдал, өөр газар үзэж чадахгүй зүйлийг Монголд үзсэн, мэдэрсэн” гэж хариулсан байдаг. Өвлийн улиралд жуулчид Монголд цаад тал нь 9-10 хоногоос хэтрэхгүй хугацаагаар ирнэ. Энэхүү хугацаанд олон зүйлийг турших хөтөлбөрийг санал болгох нь чухал. Гэвч олон улсын жуулчдын хувьд УБ хотын агаарын бохирдол, замын түгжрэл, гудамж замын хальтиргаа гулгаа, бие засах газар, тав тухтай унаа зэрэг нь хамгийн түрүүнд тулгарах асуудал болно.

Өвлийн аялал жуулчлал нь төрийн бодлого, төсөв хөрөнгөтэй шууд холбоотой асуудал учраас шийдвэрлэгдэхэд урт хугацаа шаардагдана. Өөрөөр хэлбэл, дайрч гарах уу, эсвэл дараа болъё гэж хойшлуулах уу гэдэг асуудалтай тулгарч байна. Гадныхан манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, Монгол Улс мэдээллээ хүргэж чаддаггүйд хамаг учир байна. Монгол Улсын хувьд “Өвлийн аялал жуулчлалын бүс” нь хаана байх вэ? Үүнийг тодорхойлох шаардлагатай байгаа юм.



Related news