К.Валиеваг Олимпын наадмын ганцаарчилсан тэмцээнд оролцуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-14 14:36:03

БЭЭЖИН. /TASS/. Спортын арбитрын шүүх  (CAS) Оросын уран гулгагч Камила Валиеваг тэмцээнээс хасах Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/, Сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.


Ингэснээр К.Валиева Бээжингийн олимпын наадмын ганцаарчилсан тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Оросын уран гулгагч богино үзүүлбэрээ хоёрдугаар сарын 15-нд, чөлөөт үзүүлбэрээ хоёрдугаар сарын 17-нд үзүүлнэ.


К.Валиевагийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ялагчдын медаль гардуулах ёслолыг хойшлуулсан гэж Олон улсын сэргээшийн шинжилгээний агентлаг (ITA) өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлсэн билээ. РУСАДА хоёрдугаар сарын 8-нд К.Валиеваг тэмцээнээс түр хасах шийдвэр гаргасан боловч уран гулгагч амжилттай давж заалдсанаар маргааш нь буюу 9-нд шийдвэрээ татжээ. Харин ОУОХ, WADA, ISU энэ шийдвэрийг эсэргүүцэж Спортын арбитрын шүүхэд хандсан. 


Спортын арбитрын шүүх ням гаргийн орой гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.


Related news