Лаос 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-02-15 13:37:00

ВЬЕНТЬЯН. /Vientiane Times/. Лаосын Байгалийн баялаг, байгаль орчны яам уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдээ танилцуулжээ.


Vientiane Times” өдөр тутмын сонинд даваа гарагт мэдээлснээр, шинэ арга хэмжээнүүдийн талаар нарийвчлан тусгасан баримт бичгүүдийг танилцуулах үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт нийслэл Вьентьян хотноо болжээ. Энэхүү үйл ажиллагааг яамны дэд сайд Пхувонг Луангсайсана ахалж, холбогдох салбаруудын төлөөлөгчид оролцсон байна.


П.Луангсайсана үг хэлэх үеэрээ, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахгүй байх боломжгүй хэдий ч Байгалийн баялаг, байгаль орчны яам улсын хуурай газрын 70 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд ингэснээр аж үйлдвэр тэргүүтэй бусад салбараас ялгарах CO2-ын хэмжээг илүү сайн шингээх нөхцөл бүрдэнэ гэдгийг цохон тэмдэглэжээ.


Нүүрстөрөгчийн давхар исэл нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр юм. Дээр дурдсан баримт бичигт хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх зорилгын талаар нарийвчлан тусгаснаас гадна улсын 148 дүүргээс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй бүсүүдийн газрын зургийг агуулжээ. Эдгээр бүс нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой байна.


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал нь Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн аль алинд нь тусгагдсан байдаг. Сонины мэдээнд дурдсанаар, Лаост 1970-2010 оны хооронд үер, ган гачиг голлосон байгалийн 33 гамшигт үзэгдэл нүүрлэж, есөн сая хүн нэрвэгдэж, эдийн засагт 400 сая гаруй ам.долларын хохирол учруулсан байна. 

Related news