Японы компани устөрөгчийн хөдөлгүүрт галт тэргээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-02-18 13:24:42

ТОКИО. /Kyodo/. Японы төмөр замын томоохон компани болох “JR East” устөрөгчийн хөдөлгүүрт "Хибари" галт тэргээ танилцууллаа.


Уг галт тэргийг өмнө талаараа Токиотой нийлдэг Кавасаки хотын туршилтын баазад үзүүлжээ.


“JR East” компани галт тэргээ гуравдугаар сарын хоёрдугаар хагасаас Японы нийслэлийн бүсийн замуудын нэгд туршилтаар явуулахаар төлөвлөсөн байна.


Нэг удаагийн дүүргэлтээр уг галт тэрэг нь 140 км замыг туулах чадвартай байна. Эдгээр галт тэргийг дизель түлшээр ажилладаг илчит тэрэгнүүд ашиглаж байгаа хөдөө орон нутагт явуулахаар төлөвлөж байгаа аж.


“JR East” компанийн галт тэрэгнүүд жил бүр 2.5 сая орчим тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулдаг байна. Шинэ технологи, тэр дундаа байгаль орчинд ээлтэй устөрөгчийн хөдөлгүүрийг нэвтрүүлснээр 2030 он гэхэд энэ хэмжээг хоёр дахин бууруулахаар төлөвлөжээ. Тус компани 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тэг болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хүлэмжийн хийн ялгарлаа 2050 он гэхэд тэглэнэ гэж амласан Японы Засгийн газрын төлөвлөгөөтэй нийцэж байгаа юм.


Related news