Б.Ганзориг: Усыг алтнаас үнэтэй гэдэг ч литр ус төгрөгөөр биш мөнгөөр хэмжигдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-18 15:18:04

Увс /МОНЦАМЭ/. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр улс даяар цэвэр усны үнэ тарифт өөрчлөлт оржээ. Энэ талаар Чандмань-Увс ХХК-ийн Борлуулалт, хяналтын инженер Б.Ганзоригтой ярилцлаа.


-Юуны өмнө байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ярина уу?

-Манай байгууллага газрын гүнээс ус олборлох, түгээх, хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Миний хувьд борлуулж байгаа цэвэр, бохир усны өдөр тутмын орлого төвлөрүүлэлтэд анхаарч ажилладаг. Орон сууцны 5 байцаагч, аж ахуйн нэг байцаагчтай.

Манай хамт олон 58 ажилтантайгаар нь Улаангом сумын хэмжээнд 85 орон сууцны 1897 өрх, гэр хорооллын 409 өрх, нийт 2306 өрх, 249 төсөвт болон аж ахуй нэгж байгууллагуудыг тасралтгүй цэвэр усаар хангаж байна. Бохир усыг татан зайлуулахын тулд 51.1 км цэвэр усны төв болон салбар шугам, 25.2 км бохирын шугам, цэвэр усны 2 өргөлтийн насосны станц, бохир усны 3 өргөх насосны станц, 1 цэвэрлэх байгууламжтайгаар 24 цагийн турш ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг.

-Олборлож буй цэвэр усны хэдэн хувийг айл өрх хэрэглэдэг вэ?

-Манай байгууллага одоогийн байдлаар 1 литр усыг 2 төгрөг 33 мөнгөөр олборлож, түгээж байна. Тодруулбал, орон сууцны айл өрхөд 84 мөнгөөр, гэр хорооллын ус түгээх байр 2 төгрөгөөр ус борлуулж байна. Нийт олборлож буй цэвэр усны 60 орчим хувийг айл өрх хэрэглэдэг бөгөөд нийт орлогын 20 орчим хувийг бүрдүүлдэг. Жилд дунджаар 500 мянга гаруй метр куб цэвэр ус олборлож хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд түүнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэдэг. Өдөрт 1400 орчим тонн ус үйлдвэрлэж, Улаангом хотын айл өрх, албан байгууллагууд руу нийлүүлж байна.

-Цэвэр усны үнэ тариф нэмэгдсэн. Хэрэгцээ шаардлага нь юу байв?

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр усны үнэ тариф энэ оноос нэмэгдсэн. Зөвхөн манай аймагт бус улс даяар цэвэр усны үнэ тарифыг нэмсэн. Манай аймгийн хувьд бусад аймагтай харьцуулбал хамгийн бага өртгөөр нэмэгдсэн байдаг. Тухайлбал Говь-Алтай аймагт албан байгууллага 1 литр ус 15 төгрөг, айл өрх 6 төгрөг 80 мөнгө, Ховд аймагт айл өрх 3 төгрөг 90 мөнгө, албан газар 6 төгрөг 70 мөнгө байх жишээтэй. Харин манайд тоолууртай орон сууцны айл өрх литр усыг 42 мөнгөөр тооцож байсныг 84 мөнгө, тоолуургүй айл өрх 46 мөнгө байсныг 91 мөнгө болгож нэмэгдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдардаг өрх литр усыг 2 төгрөгөөр худалдаж авдаг бол орон сууцанд амьдардаг өрх литр усыг 84 мөнгөөр буюу нэг төгрөг хүрэхгүй үнээр хэрэглэж байна. Гэтэл гэр хороолол болон орон сууцны айл өрхүүдийн усны ашигтай, ашиггүй хэрэглээ асар зөрүүтэй байх жишээтэй. Гэр хорооллын иргэдийн усны ашигтай хэрэглээ 100 хувь байхад орон сууцны айл өрхийн ашигтай хэрэглээ дөнгөж 30 хувьтай. Усны төлбөрийг нэмэх хэрэгцээ гэвэл орон сууцны айл өрхүүд крантаа нээхэд цэвэр ус бэлэн, эргээд хуримтлагдсан бохир усыг татан зайлуулах гээд үүний цаана усны байгууллагын ажилчдын уйгагүй хөдөлмөр яригдана.

Мөн статистик үзүүлэлтээр хүн амын дундаж цалин 1 сая төгрөг, манай ажилчдын дундаж цалин 600 гаруй мянган төгрөг байна. Тэгэхээр бид бүхэн ажил, үйлчилгээгээ явуулах, ажилчдын ажиллах боломжийг бүрдүүлэх, тэрчлэн 24 цагийн турш ажиллаж байгаа цэвэр усны 2 станц, бохир усны станц болон дундын эзэмшлийн шугамын засвар, үйлчилгээний зардлыг шийдэх шаардлагатай байгаа.

Бид усыг алтнаас үнэтэй гэж ярьдаг ч өнөөдөр орон сууцны айл өрхүүд литр усыг төгрөгөөр биш мөнгөөр худалдан авч байна. Хамгийн хямд өртөгтэй, өдөр тутмын чухал хэрэгцээ бол ус юм. Иймээс бид тогны мөнгөө хугацаанд нь төлдөг шиг усны мөнгийг ч мөн адил төлж хэвших хэрэгтэй. Усны төлбөр хамгийн сүүлд 2014 онд нэмэгдэж байсан.

-Он гарсаар цэвэр усны төлбөрийн хөнгөлөлт зогссон. Энэ талаар иргэдийн ойлголт хэр байна вэ?

-Иргэд усны мөнгө нэмэгдсэн талаар мэдээлэлгүй байна. Мөн он гарсаар айл өрхүүд цэвэр, бохир ус ,халаалт, халуун усны төлбөрөө өөрсдөө төлөх бол цахилгааны төлбөрийг төрөөс төлж байна. Зарим иргэдийн хувьд Засгийн газраас усны төлбөрийг үргэлжлүүлэн төлж байгаа гэсэн ойлголттой байсаар байгаа. Манай байгууллагын 1 дүгээр сарын борлуулалтын орлого 34 сая 900 мянган төгрөг байна. Нэг үеэ бодвол усны өр, авлага цэгцэрч хэрэглэгчид төлбөрөө төлөх ухамсар дээшилсэн.

Тоолууртай өрх 1 метр куб усыг 840 төгрөгөөр, тоолуургүй өрх ам бүлийн тоогоор нэг хүн хоногт 150 литр ус хэрэглэнэ гэж тооцдог. Таван ам бүлтэй айл хоног 750 литр ус хэрэглэж байна. Зарим аймагт ам бүлийн нэг гишүүн хоногт 200 литр ус хэрэглэдэг гэж тооцдог. Ер нь иргэд хэрэглээ, өртөг талаасаа тоолууртай болох хэрэгтэй. Учир нь тоолуургүй өрх дулааны улиралд гэр орноо эзэнгүй орхиод явлаа гэхэд ялгаагүй ам бүлийн тоогоор бичилт хийгдэнэ. Хэрвээ тоолууртай байсан бол гэртээ байхгүй хугацаанд усны мөнгө гарахгүй байх жишээтэй.Энэ мэтчилэн иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хэмнэлт бий.

-Өвлийн улиралд шугам сүлжээнд гэмтэл хэр гардаг вэ? Жилд дунджаар хэчнээн дуудлага хүлээн авч ажиллаж байна?

-Хүйтний эрч чангарсантай холбоотой манай салбар шугамуудад хөлдөлт үүсэж байна. Гүний гидрант худгууд шөнийн хэрэглээгүй учраас шланк хөлдөх, иргэд усаа гоожуулаад орхидогтой холбоотой ойр орчимд нь хөлдөлт үүсэх нь бий. Иймд манай 5 салбар нэгжүүд тус бүр 2 худаг хариуцаад мөс цохих, завсар үйлчилгээг тогтмол хийж байна. Манай байгууллага жилд дунджаар 1200-1300 айл өрхийн дуудлага хүлээн авч ажилладаг. Ээлжээр болон ажлын цагаар засвар үйлчилгээний ажил хийдэг. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байцаагч нар ажлын цагаар тоолуур, усны карт худалдаалах, төлбөр тооцоо хийх, шаардлагатай бол засварын дуудлага авч ажиллаж байгаа.

Мөн манай байгууллагын харьяа Төв халуун усны орчныг сайжруулах зорилгоор их засварын ажил хийгдлээ. Өмнө нь бохир үнэртдэг, агааржуулалт муутай, ус муу халдаг зэрэг асуудал байсан бол сантехникийн иж бүрэн засвар, тохижилтын ажил хийснээр бүх асуудал шийдэгдсэн. Одоо 9.00-22.00 цагийн хооронд 3 саун, 16 дүштэй тохилог орчинд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна. Иргэд та бүхэн 9.00-15.00 цагийн хооронд саунд 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Мөн саунд 3 удаа, халуун усанд 5 удаа үйлчлүүлбэл нэг удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй.

-Таны хувьд хэдийнээс энэ байгууллагад ажиллаж байна вэ?

-Би 2008 онд ШУТИС-ийг хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжлээр төгсөөд тухайн жилийнхээ 9 дүгээр сард Чандмань-Увс ХХК-д өргөгч станцын операторчноор ажилд орж байлаа. Улмаар 2009 оноос аж ахуйн байцаагчаар, 2020 оноос СӨХ-нд диспитчер, 2021 оноос Борлуулалт, хяналтын инженерээр тус тус ажиллаж байна.

Энэ ташрамд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд цэвэр, бохир усны төлбөрөө цаг тухайд нь төлж, манай байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүсэх байна.

-Ярилцсанд баярлалаа.

Related news