Өсвөрийн парламентын гишүүдтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын
дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах
“Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлж, гишүүнээр 76 хүүхдийг
сонгон ажиллуулж байна. Увс аймгаас
Өсвөрийн парламентын гишүүнээр Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит
Улсын тэргүүний, лаборатори цогцолбор 1-р
сургуулийн 11А ангийн сурагч З.Аялгуу, ЕБ-ын 6-р сургуулийн 11Б ангийн сурагч
А.Туяа, ЕБ-ын 4-р сургуулийн 11Б ангийн сурагч Д.Ганцэцэг нар сонгогдон ажиллаж
байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-аас
“Өсвөрийн парламент”-ын гишүүдтэй дараах чиглэлд хамтран ажиллахаа
илэрхийллээ. Үүнд:
-Уур амьсгалын өөрчлөлт, агаар, хүрээлэн
буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн аймгийн,
бүсийн хэмжээний хүүхэд залуучуудын чуулганыг жил
бүр зохион байгуулах, хүүхэд, залуусыг өргөнөөр оролцуулах.
-Хүүхэд,
залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжих
нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах,
-Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN
сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах,
арчилгаа, усалгааны ажилд хүүхэд,
залуучуудыг идэвхтэй оролцуулах,
-Иргэд болон хүүхэд залуучуудын дунд
цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх
мэдээллийг хамтран түгээх,
-Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг
сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг аймаг, дүүрэг, сумандаа уламжлал
болгон зохион байгуулах,
-Өсвөрийн парламент хөтөлбөр,
YOUCCAN сүлжээний манлайлагч гишүүнийг аймаг, сумын түвшинд сурталчлан
танилцуулах, байгаль хамгаалал, хүүхэд залуусын оролцооны чиглэлээр олон
нийтийн нөлөөллийн ажил зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр болжээ.
УИХ-ын
дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах
“Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийг УИХ, Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хороо,
Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн Сан”, “People in need”,
байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 21 аймаг, 9
дүүргийн 1000 гаруй хүүхдийн анкетыг хүлээн авч, 76 хүүхдийг шалгаруулсан байна.