Интернэт банкны хэрэглээ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-02 15:29:17

СӨҮЛ. /Yonhap/. Коронавирусний цар тахлын улмаас хэрэглэгчид банкны үйлчилгээг зайнаас авахыг илүүд үзэх болсонтой холбоотойгоор БНСУ-ын интернэт банкны хэрэглээ 2021 онд өмнөх оны мөн үеийнхээс 18 хувиар өсжээ.


Солонгосын банкны мэдээлснээр, цахим банкны үйлчилгээ, тэр дундаа гар утасны хавсралтын өдөр тутмын хэрэглээ өнгөрсөн онд 17.32 саяд хүрчээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 14.68 сая байжээ. Улмаар гар утас болон бусад төхөөрөмжөөр хийсэн өдөр тутмын гүйлгээний хэмжээ 12.9 их наяд вонд хүрсэн нь өмнөх оныхоос 36.6 хувиар өссөн байна.


Үүний зэрэгцээ өдөрт интернэт банкаар авсан зээлийн дундаж хэмжээ 750 тэрбум вон давсан нь өмнөх оны мөн үеийнхээс 56.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Өнгөрсөн 12 дугаар сарын эцсийн байдлаар, санхүүгийн 18 институцид бүртгүүлсэн интернэт банкны хэрэглэгчдийн тоо 198.6 саяд /9.4 хувиар өссөн/ хүрсэн байна.


Мөн банкны гар утасны хавсралт хэрэглэгчдийн тоо 13.5 хувиар өсөж, 153.4 саяд хүрчээ. Солонгосын банкны мэдээлснээр, эдгээр тоон үзүүлэлт нь интернэт банк болон гар утасны хавсралтын үйлчилгээ үзүүлэгчдэд бүртгүүлсэн бүх хэрэглэгчийн нийлбэр учир нэг хэрэглэгч олон удаа давтагдан тоологдсон байх боломжтой байна. 

Related news