Японы зүүн хойд нутагт хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-03-17 09:48:57

ТОКИО. /Kyodo/. Японы зүүн хойд нутагт лхагва гаргийн орой 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, олон арван гэмтэж бэртсэнээс гадна өндөр хурдны суман галт тэрэг замаасаа гарчээ.


Гал түймэр, гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, орон нутгийн цагаар оройн 23:36 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн улмаас Мияги, Фүкүшима мужид хоёр эрэгтэй амиа алдсан бөгөөд өнөө өглөөний байдлаар долоон мужид 92 хүн гэмтсэн байна.


Японы Цаг уурын агентлаг газар хөдлөлтийн улмаас Мияги, Фүкүшима мужийн эрэг орчмын бүсэд нэг метр өндөр цунами үүсэж болзошгүй талаар анхааруулсан ч цунамийн харьцангуй нам давлагаанууд ажиглагдсан тул уг анхааруулгыг пүрэв гаргийн өглөө цуцалжээ.


Ерөнхий сайд Кишида Фүмио өнөө өглөө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс дэх цөмийн станцуудын үйл ажиллагаанд одоогоор ямар нэгэн доголдол үүсээгүй гэсэн байна. 


Газар хөдлөлтийн голомт Фүкүшима мужийн эргээс холгүй 57 орчим километрын гүнд байжээ. Цаг уурын мэргэжилтнүүд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ойрын долоо хоногт ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг анхааруулсан байна. 


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Японы зүүн хойд болон зүүн нутагт цахилгаан хангамж тасалдсан нь нийт 2.2 сая гаруй өрх, түүний дунд Токиогийн 700 мянга орчим өрхийг хамарсан гэж “TEPCO Power Grid”, “Tohoku Electric Power Network компани мэдээлжээ. Хожим нь дийлэнхийнх нь цахилгаан хангамжийг сэргээсэн байна.


Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албанд хямралыг зохицуулах төв байгуулсан байна. К.Фүмио сэтгүүлчдэд мэдээлэхдээ, холбогдох мэдээллийг цуглуулж, гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах, тусламж үзүүлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг албаныханд үүрэг болгосон гэдгээ онцолжээ. 

Related news