Талибууд дунд, ахлах ангийн охидыг сургуульд явахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Jargal.d@montsame.mn
2022-03-23 15:46:18

КАБУЛ. /TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн "Талибан" хөдөлгөөний байгуулсан Афганистаны Засгийн газрын Боловсролын яам дунд, ахлах ангийн охидыг суруульд явахыг хориглосон тухай тус улсын телевизийн “Ariana News” суваг мэдээлсэн байна.


Тус сувгаар мэдээлж буйгаар, “охидын ахлах, дунд сургуулиудыг цаашид мэдэгдэл гарах хүртэл хаасан байна”. Хичээлийн жилийн эхнээс зөвхөн зургаадугаар анги хүртэлх охид л хичээлдээ явж болно гэж Боловсролын яам мэдэгджээ. 


“Хэрэв долоогоос 12 дугаар ангийн охидын дүрэмт хувцасны загварыг шариатын хууль, үндэсний уламжлал, соёлд нийцүүлбэл Афганистаны Исламын Эмирт улсын [талибуудын хэрэглэж буй улсын нэр] тогтоолоор сургуулиуд тэдэнд нээгдэнэ" гэж тус яам мэдэгдэлдээ дурдсан байна.


"Бүх сургууль, ерөнхий боловсролын дунд сургууль, багшийн коллежийн хичээлийг лхагва гаргаас эхлүүлнэ" гэж “Талибан”-ы Засгийн газрын Боловсролын яам өчигдөр мэдэгджээ.


Афганистаны хөвгүүд, охидын сургуулиудын аль алиных нь хичээлийг тус улсад хэрэглэдэг нарны хижрагийн хуанлигаар шинэ оны эхний өдөр буюу гуравдугаар сарын 21-ний дараа эхлүүлнэ гэж тус яам хоёрдугаар сарын сүүлчээр мэдээлж байв. Тухайн үед яамны төлөөлөгч, “охидод эмэгтэй багш нар, хөвгүүдэд эрэгтэй багш нар хичээл заана”, охидын ангид эмэгтэй багш байхгүй бол "туршлагатай, ахимаг насны эрэгтэй багш нар" хичээл заана гэж мэдэгджээ.


Афганистаны их дээд сургууль, сургуулиудыг өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр тус улсын засгийн эрхийг талибууд булаан авсны дараа түр хаасан юм. Бага сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 19-нд эхлүүлсэн ч зөвхөн хөвгүүдийг явах, эрэгтэй багш нар хичээл заахыг зөвшөөрчээ. Харин охидыг сургууль, их дээд сургуулиудад анги танхимыг хуваах, багш нарыг хуваарилах бэлтгэл ажил дууссаны дараа боловсролын үйл явцад оруулна гэж мэдэгдсэн байна.


Related news