“Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-03-28 10:03:30

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн кино урлагийн академийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол ням гарагт Лос-Анжелес хотноо эхэллээ. Ёслолыг телевизийн “ABC” компани шууд дамжуулж байна.


94 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг ёслолын ажиллагаа гурван цаг орчим үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хугацаанд 23 төрлөөс 15-д нь шагналын эздийг тодруулна. Зохион байгуулагчид энэ жил анх удаа ёслол эхлэхийн өмнө найман төрөлд шагналын эздийг зарлажээ. Тухайлбал, Франц-Канадын найруулагч Дени Вильнёвын "Дюна" (Dune: Part One) кино "шилдэг дуу", "шилдэг эвлүүлэг", "шилдэг саундтрек", "шилдэг уран сайхны найруулга" гэсэн техникийн дөрвөн төрөлд шагнал хүртсэн байна.


Японы найруулагч Рюсүкэ Хамагүчигийн "Doraibu mai ka" (Миний машиныг жолоодоорой. 2021) шилдэг гадаадын уран сайхны кино төрөлд шалгарлаа.


"Шилдэг хүүхэлдэйн кино" төрөлд "Дисней" компанийн бүтээл "Encanto" (2021) “Оскар”-ын шагналыг хүртсэн байна.


Энэ жил гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд Жейн Кэмпионы бүтээсэн “The Power of the Dog”, Шан Хейдерын "CODA” (2020) кинонуудын хооронд өрсөлдөөн өрнөнө гэж кино салбарын мэргэжилтнүүд үзэж байна.


94 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол алдарт “Dolby” театрт болж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн бүх хүн “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдсан байх ёстой. Өнгөрсөн жил хүн хоорондын зай барихын тулд зохион байгуулагчид ёслолыг хэд хэдэн газарт нэгэн зэрэг зохион байгуулсан билээ.


Related news