Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "MNS 6395:2022, монгол бичгээр үйлдэх баримт бичгийн
хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандарт батлагдсан
байна.
Энэхүү стандартыг ирэх 5
дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагууд туршиж эхлэх аж. Монгол
Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор
баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт
болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам,
MNS 5140-1, 2, 3:2021 стандартад нийцүүлэн дээрх стандартыг Ажлын баг гарган
шинэчлэн боловсруулжээ. Уг стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын
баримт бичиг буюу
1. зарлиг,
2. тогтоол,
3. захирамж,
4. тушаал,
5. шийдвэр,
6. албан даалгавар,
7. албан шаардлага;
Зохион байгуулалт,
мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу
8. албан бичиг,
9. улсын байцаагчийн акт,
10. дүгнэлт,
11. хурлын тэмдэглэл,
12. тодорхойлолт зэрэг 12
нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлжээ.
Түүнчлэн тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр
(хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонд, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай
зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон байна. Энэ
стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол
хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний
бичгээр хөтлөн явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн
хэлтсээс мэдээллээ.