“Ingenuity” нисдэг тэрэг нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-04-13 12:14:29

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн бүтээсэн “Ingenuity” нэртэй бяцхан нисдэг тэрэг Ангараг гараг дээр 25 дахь нислэгээ хийхдээ нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчлэн тогтоожээ.


Пасадина хот дахь NASA-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн цахим хуудсанд мэдээлснээр, “Ingenuity” дөрөвдүгээр сарын 8-нд “Seitah” хэмээх газар дээгүүр баруун хойд чиглэлд нисэхдээ ес дэх нислэгийн үеэр тогтоосон үзүүлэлтийг 80 метрээр ахиулсан байна. Мөн 5.5 м/с-ийн хурдтай ниссэн нь бас нэгэн дээд үзүүлэлт болжээ. Харин 16.3 секундийн турш агаарт байсан байна.


Ес дэх нислэг өнгөрсөн оны долоодугаар сарын 5-нд болсон юм. Тухайн үед уг төхөөрөмж 625 м зайг 5 м/с хурдтайгаар 166.4 секундэд газардалгүйгээр туулжээ.


“Ingenuity” нисдэг тэргийг 2021 оны хоёрдугаар сарын 18-нд “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA уг нисдэг тэргийг зургаан дугуйтай “Perseverance”-ийн хүрч чадахгүй газруудыг судлах, мөн гаргийн гадаргуугийн 3D газрын зургийг бүтээхэд ашиглаж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Ангараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг хайж, дээж цуглуулах юм. 


1.8 кг жинтэй “Ingenuity” Ангараг дээр анхны нислэгээ 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд хийсэн. 39.1 секунд үргэлжилсэн нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газарджээ. Зохион бүтээгчид нь болон эрдэмтэд “Ingenuity” -г адаглаад таван нислэг хийж чадна гэж найдаж байсан ч одоогийн байдлаар 25 нислэг хийхдээ 5824 м зайг туулж, агаарт 46 минут 31 секунд байсан байна.


“Ingenuity” одоо 3.7 тэрбум жилийн өмнө нуур луу цутгадаг голын бэлчир байсан гэж эрдэмтдийн үзэж байгаа газар байгаа ажээ.


Related news