Дэлхийн агаар мандал дахь метан хийн агууламж ихээр өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-04-18 14:48:48

ТОКИО. /NHK/. Дэлхийн агаар мандал дахь метан хийн агууламж өнгөрсөн онд түүхэндээ хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 2010 оноос хойших хамгийн их өсөлтийг үзүүлснийг хиймэл дагуулын мэдээлэл харуулжээ.


Японы хүлэмжийн хийн ажиглалтын “
Ibuki” хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд 2021 онд агаар мандал дахь метан хийн дундаж агууламж 1857 ppb-д хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 17-гоор өссөн үзүүлэлт бөгөөд өмнөх жилийн дундаж өөрчлөлтөөс хоёр дахин их байна.


Энэхүү хиймэл дагуулын ажиглалтыг 2010 онд эхлүүлснээс хойш дэлхийн агаар мандал дахь метан хийн түвшин жил тутам өсөж байгаа юм.


Метан хий нь нүүрстөрөгчийн давхар ислээс 30 дахин их хүлэмжийн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Үүний эх үүсвэр нь цагаан будааны талбай болон бусад намгархаг газар дахь микробууд, үхрийн аж ахуй, чулуужсан түлшний олборлолт юм.


Ibuki” хиймэл дагуулын мэдээлэлд Хүрээлэн буй орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн судлаачид дүн шинжилгээ хийдэг. Тэдгээр судлаачийн нэг Ито Акихикогийн ярьснаар, өнгөрсөн жил коронавирусний цар тахлын үеэр эдийн засгийн үйл ажиллагаа саарсан тул метан хийн агууламжийн өсөлтийн гол шалтгаан нь байгалийн өөрчлөлт байж магадгүй байна.


Иймээс хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хорт хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөг боловсруулахдаа байгалийн өөрчлөлтөөс шалтгаалж концентраци нэмэгдэж болзошгүйг харгалзан үзэх шаардлагатай байж магадгүй гэж тэрбээр хэлжээ. 

Related news