Обрущанский Борбала Анна: Унгараас Монгол Улс руу нийлүүлэх экспортын бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-01 11:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны талаар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Обрущанский Борбала Аннатай ярилцлаа.


-Та Монгол Улсад Элчин сайдаар анх томилогдоход ямар сэтгэгдэл төрж байснаа хуваалцана уу. Энэхүү нэр төртэй албыг залгуулахад Монгол судлаач мэргэжил тань ямар давуу талыг олгосон гэж Та үздэг вэ?


-Юуны өмнө эх орноо төлөөлөн Монгол Улсад сууж байгаадаа маш их баяртай байгаа. Энэ өндөр хариуцлагатай албыг хашихад монгол хэл, түүх, соёлын мэдлэг маань надад их тус болж байна.


-Унгарчууд болон монголчууд гарал үүсэл нэгтэй гэж үздэг. Мажар, монгол, түрэг дундын үгс олон байдаг гэдэг. Үүний шалтгааныг унгарууд хэрхэн үздэг вэ. Тухайлбал, ямар ямар үгийг унгарууд хэрэглэж байна вэ?


-Дундад зууны үеийн Унгарын хаадын шастирууд нэлээд байдаг. Тэндээс унгарууд Хүннүгээс гаралтай юм гэдгийг ойлгож болно. Мөн ард түмний уламжлал болон ой санамжаас ч үүнтэй холбоотой мэдээллийг бас олж харж болно. Хүннүчүүдийн зарим хэсэг нь Монголоос Европыг зорин одоогийн Унгарын нутаг дэвсгэрт суурьшиж байсныг түүх, археологийн судалгааны үр дүн ч нотолж байна. Хүннү гүрэн бол Евразийн өргөн уудам нутаг дахь эзэнт гүрэн байсан. Түүний өв уламжлалыг Евразийн тал хээрийн бүсэд амьдардаг олон үндэстэн болон мөн өөр өөр нутаг дэвсгэрт амьдарч байсан ард түмнүүд өвлөн авч үлдсэн байдаг. Хүннү Сибирийн цөөн тооны ард түмэнд ч их нөлөө үзүүлсэн байх. Харин Азийн Хүннүгийн соёл иргэншлийг монголын ард түмэн хадгалж үлдэж чадсан.

Өдгөө унгар, монгол хэлэнд 2000 орчим төстэй үг бий. Энэ тухай Унгарын нэрт судлаач Балинт Габор “Энэ бол Хүннүгийн хэл шинжлэлийн өв” хэмээсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд Англи, Унгарын судлаачид генетикийн холбоо хамаарлын судалгааг хийсэн. Гэхдээ бас угсаатны зүйн салбарт маш олон ижил төстэй зүйл байгааг судлах шаардлагатай хэвээр байна.


-Монгол, Унгарын харилцаа маш эртний түүхтэй. Унгарын аялагчид маш эрт ирж байсан. Унгарт Монголын түүхтэй холбоотой үнэ цэнтэй ямар өв дурсгал хадгалагдаж байна вэ? 


-Унгарын аялагч, номлогч зэрэг хүмүүс дундад зууны үед монголчууд суурьшсан газар нутагт очиж, дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Анх 1236 онд, Монголчууд Европт нэвтрэн орсон тэр үед тэмдэглэл хийжээ. Унгарын Доминиканы лам Юулианус 1235 онд Зүүн Европод хоцорсон унгаруудтай уулзахаар мордсон бөгөөд энэ үедээ Ижил мөрөнд хүрч шинэ гүрэн болох Монгол Улсын тухай мэдээлэл авсан байна. 1237 онд тэдний тухай "Татаруудын амьдралын тухай захидал" нэртэй бүрэн тайлан бичиж, түүнийг Ромын хамба ламд илгээсэн. Уг тайланг саяхан монгол хэлнээ хөрвүүлэн Улаанбаатар их сургуулийн Шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн. Тэндээс Монголын Бат хан Унгарын Бела хаанд явуулсан захиаг уншиж болно. Үүнээс гадна Монголын үүсэл гарлын тухай анхны тэмдэглэл уг тайланд дурдсан байна. Унгарын хаант улс монголчуудтай олон жилийн турш хил залгаа байхдаа эхлээд хоорондоо байлдаж байсан бол 14 дүгээр зууны сүүлээр холбоотон болж, Хар тэнгисийн худалдааны замын бараа бүтээгдэхүүнийг Унгараар дамжуулан Баруун Европод гаргаж байв. Мөн 14 дүгээр зуунд Трансильвани (одоогийн Румын улс) дахь Унгарын христийн сүмүүдийн ханан дээр Алтан Ордын үеийн цэргийн зэр зэвсэг, хувцас хунарыг зурж мөнхөлжээ. Алтан Ордын уналтын дараа ч унгаруудын сонирхол зүүн тийшээ хэвээрээ байсан. Тийм учраас өвөг дээдсийнхээ ул мөрийг судлахаар унгарууд дорно зүг рүү аялал хийж эхэлсэн юм. 18 дугаар зуунаас эхлэн тэд нар Каспийн тэнгисийн эрэг дээрх Халимагууд дээр очиж, тэдний тухай тэмдэглэл бичиж, хэл, соёлын олон ижил төстэй байдлыг илрүүлсэн байдаг. Балинт Габор 1870-1874 онд монгол хэлийг сайтар судалж, халимаг болон өнөөгийн Улаанбаатарт ирсэн монгол хэл шинжлэлийн анхны хүн юм. 1877 онд Бела Шечени хэмээх унгарын ноён, аялагч Өвөр Монгол, Умард Хятад дахь монголчуудын суурьшсан газар нутагт шинжлэх ухааны экспедиц зохион байгуулжээ. 1897 онд Енө Зичигийн зохион байгуулсан шинжлэх ухааны экспедиц өнөөдрийн Улаанбаатар хотноо долоо хоног ажиллажээ. Тэдний цуглуулсан баримт бичиг, аяллын үеэр авсан гэрэл зургууд Унгарын цуглуулгад байгаа. Тэдгээрийг монгол судлалын эргэлтэд оруулж боловсруулах ажил хүлээгдэж байна. Түүнчлэн Монголыг эрхшээсэн Манжийн эзэнт гүрэнд олон мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Тэдний цуглуулганд бас Монголтой холбоотой зураг болон тэмдэглэл байж магадгүй. 


-Унгарын монгол судлал европ төдийгүй дэлхийн томоохон судалгааны төвд тооцогддог. Сүүлийн үед Унгарт Монгол судлал ямар байдалтай хөгжиж байна вэ. Шинэ судалгаа, нээлтийн талаар сонирхуулж болох уу?


-Унгар улсад Монголын талаар судалгаа хийдэг хэд хэдэн байгууллага бий. Одоогоор гурван их сургуульд монгол хэлний сургалт явагдаж байна. Будапешт дахь Монгол судлалын хүрээлэн голдуу Буддын шашны болон хэл шинжилгээний судалгаа, Унгарын ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд Киданы үеийн дурсгалуудыг судалж байна. Саяхан Будапешт хотын Зүүн Азийн уран сайхны музейд Монголын цуглуулаас бүрдсэн үзэсгэлэн нээсэн байгаа. 2021 онд Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Шинжлэх ухааны академийн  хамтын ажиллагаа сэргэж, археологийн судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлсэн нь археологийн шинжлэх ухааны шинэ элемент болж буй ирээдүйтэй судалгааны ажил болж байна. Энэхүү хамтарсан судалгаа маань энэ жил үргэлжлэх юм. Манай Элчин сайдын яамнаас Унгар, Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, цаашид хөдөө аж ахуй, биологийн шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажлыг шинэ шатанд гаргах чиглэлд анхаарч байна. 


-Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Та маш их идэвхтэй ажиллаж байгаа. ШУА-иар зочилж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан. Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайд С.Баатаржавыг үүрэгт ажилдаа орохын өмнө Монголын ШУА-ийн ерөнхийлөгч уулзаж, ярилцсан байсан. Энэ нь шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хоёр тал ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл болов уу. Тэгэхээр энэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өөр ямар шинэ боломжууд байна гэж Та үзэж байна вэ?


-Коронавируст халдварыг үл харгалзан бид бүхий л салбарт Унгар-Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр идэвхтэй ажилласны үр дүн эхнээсээ гарсаар байна. Соёл, шинжлэх ухааны салбарт манай Элчин сайдын яам Монголын соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай уламжлалт хамтын ажиллагаагаа сэргээж, үр дүнтэй харилцаа тогтоосон. Хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсээр ирсэн ч хамтарсан судалгааны төсөл харьцангуй хязгаарлагдмал байсан. 2021 оны хавар бид Археологийн хүрээлэнгүүдийн байгуулсан гэрээг шинэчилсэн. Мөн хоёр талын шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2021 оны арваннэгдүгээр сард Унгарын шинжлэх ухааны наадмын хүрээнд Унгартай хамтарсан төсөл хэрэгжүүлсэн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн удирдлагуудыг уулзуулан чууллаа. Хоёр тал хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн хэвээр байгаа бөгөөд бүх хүрээлэн хоорондын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг олж харсан. Шинжлэх ухааны харилцаа улам өргөжиж байгаа энэ цаг үед Унгарт суралцаж буй монгол докторантууд үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.


-Он гарсаар хоёр тал хэд хэдэн томоохон баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар улсын Хүний хөгжлийн яам харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан...


- Манай хоёр орны соёлын гол салбаруудын нэг нь киноны салбарын хамтын ажиллагаа. Энэ хүрээнд бид хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Унгар, Монголын ард түмний түүхийн нийтлэг язгуур угсааг харуулсан олон улсын чанартай уран сайхны болон баримтат кино хийх боломжтой.

Түүнчлэн бид кино урлаг, кино студид олсон ололт туршлагаасаа Монголчуудад хуваалцахад бэлэн байна. Унгар-Монгол-Англи  гурван улсын хамтран бүтээсэн анхны кино ирэх оны сүүлээр кино театруудаар гарах байх гэж найдаж байна.

-Ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд монгол оюутнуудыг Унгарт сургах тэтгэлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ тэтгэлэг цаашид хэрхэн үргэлжлэх вэ? Таныг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үед Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэдгийг онцолсон байсан?


-Унгарын Засгийн газар 2016 оноос хойш жил бүр 200 оюутанд тэтгэлэгт хамрагдах боломж олгож байна. “Stipendium Hungaricum” хөтөлбөр нь Монгол оюутнуудын дунд маш их нэр хүндтэй болж байна. Энэ жил л гэхэд 900 гаруй хүн бүртгүүлсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөр цаашид амжилттай үргэлжлэх болно. Мөн манай Элчин сайдын яамнаас ч их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд Унгар, Монголын оюутан, судлаачдад харилцан суралцах, сургах боломж нээхээр шаргуу ажиллаж байна. Одоогийн байдлаар бидний санал хүсэлтэд үндэслэн оюутнууд голдуу зах зээл, эдийн засгийн боловсрол эзэмшиж байгаа бөгөөд сургалтын чанарт сэтгэл хангалуун байна гэж хэлж болно.

Ирэх намар Монгол Улсын Их Сургуульд Унгар хэлний хөтөлбөр, сургалт эхлэх гэж байгаа. Энэ нь хоёр талын боловсролын салбарын харилцааг бэхжүүлэхийн төлөөх манай Элчин сайдын яамны ажлын бас нэгэн үр дүн юм.

-Ойрын хугацаанд соёлын ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?


-Бид дэглэм солигдсоноос хойш анх удаа “Унгарын соёлын өдрүүд”-ийг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр бид Унгарын ардын дуу, хөгжим, бүжгийг Монголын үзэгчдэд толилуулна. Мөн Унгарын Оскарын шагналт киног кино театрт үзүүлж, уламжлалт хоолоо хийж, амтлуулах сайхан боломж гарч байна. Унгарт төгссөн Монгол оюутнуудаас бид маш их тусламж авдаг, энэ завшааныг ашиглан тэдэндээ талархал илэрхийлье.


-Монгол, Унгарын эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа гэдэгтэй Та санал нийлэх үү. Цаашид эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ямар боломж байна гэж Та үзэж байна вэ?


-2006 онд Монгол Улс дахь Унгарын Элчин сайдын яам хаагдахад харамсалтай нь олон үнэ цэнэтэй бизнесийн харилцаа тасарсан. Тиймээс тэр харилцааг дахин сэргээх шаардлага гарсан. Тодорхой үр дүн гарч байна. Намайг Элчин сайдаар томилогдсоноос хойш Унгараас Монгол Улс руу нийлүүлэх экспортын бүтээгдэхүүний хэмжээ ихээхэн өссөн нь манай хамт олны ажлын үр дүн юм. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 58 хувьтай байсан. Монголын талаас Унгарын бараа бүтээгдэхүүн, технологийг ихээхэн сонирхож байгаа. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед бид Унгараас сонирхож буй ноос ноолуур, түүхий эдийн талаар компаниудыг зуучлан холбож байгаа. COVID-19 болон олон улсын бусад нөхцөл байдлын улмаас тээврийн сонголтууд хязгаарлагдмал байгаа ч азаар эдгээр нь даван туулах боломжгүй саад бэрхшээл биш юм.


-Монгол Улс Унгарыг Ази тив рүү, тэр дундаа БНХАУ-тай холбох гүүр болох сонирхолтой. Түүнчлэн ноолуурын үйлдвэрээ танай улсад байгуулахаас эхлээд Европын зах зээлд гарах түшиц газраараа Унгарыг сонгох сонирхолтой гэдгээ манай дипломатч нар илэрхийлж байсан. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?


-Унгар улс ч Ази, Европыг холбох гүүртэй болох сонирхолтой байгаа тул бид энэ асуудалд ижил байр суурьтай байна. Үүний тулд Унгарын Засгийн газар 10 жилийн өмнө Ази тивээс дээд амжилт тогтоосон хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлж, дорно дахинаа нээлттэй бодлогоо зарласан. Тав тухтай нөхцөл байдлаас шалтгаалан Баруун Европ төдийгүй Азийн олон том компани ч Унгарыг Европын баазаар сонгодог. Миний бодлоор Унгар бол Монголын компаниудын хувьд хамгийн тохиромжтой сонголт.


-Сүүлийн үед Унгарт автомашин үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа. Монгол Улс ч автомашин үйлдвэрлэгч болохыг зорьж байгаа. Энэ чиглэлд хамтран ажиллах боломж бий юу?


-Автомашины үйлдвэрлэл, электроникийн үйлдвэрлэл, механик инженерийн салбар нь Унгарын хамгийн чухал салбарууд юм. Энэ нь маш сайн инженерчлэл, сэргээн засварлах, засвар үйлчилгээ хийх чадвартай ЖДҮ-ийн ханган нийлүүлэгчдийн салбар юм.

Одоо Дебрецен хотод BMW-ийн шинэ машины үйлдвэр барьж байгаа. Германы дээд зэрэглэлийн гурван автомашин үйлдвэрлэгч бүгд Унгарт ажиллаж байгаа нь маргаангүй амжилтыг баталж байна. Монгол Улс Унгарын туршлагад найдаж болно, бид ч бас ийм хамтын ажиллагаанд нээлттэй байгаа.


-Хоёр улс шууд нислэг үйлддэг болох талаар талууд санал гаргах болсон. Тухайлбал, Та ЗТХ-ийн сайдтай уулзах үедээ шууд нислэг үйлдэх, Агаарын харилцааны тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийг шинэчлэх саналаа илэрхийлж байсан. Энэ талаар тодорхой шийдвэр гарсан уу?


-Хоёр улсын агаарын тээврийн хэлэлцээр үргэлжилж байна. Үүний дараа шууд нислэг үйлдэх эсэх нь агаарын тээврийн компаниудаас шалтгаална. Гэхдээ Унгарт 2000 шахам оюутан суралцаж, олон мянган иргэн амьдарч байгаа учир нислэг нээх талаар бодож үзэх нь зүйтэй болов уу.


-Унгар улсын парламентын сонгууль энэ дөрөвдүгээр сарын 3-нд болж, эрх баригч "ФИДЕС-Унгарын иргэний холбоо" яллаа. Эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлсон бэ? Тэр дундаа Ази, Монгол руу чиглэсэн бодлого нь ямар онцлогтой байх вэ? Ойрын хугацаанд хоёр талд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төрийн өндөр, дээд түвшний айлчлал бий юу?


-Энэ сарын 3-нд болсон Унгарын Их хурлын сонгуулиар эрх баригч Фидес нам 12 жилийн турш эрх барьсан улс төрийн эрх мэдлээ хадгалан үлдэж чадсан. Бид өнөөг хүртэл Монгол Улсыг чухал түнш гэж харсаар ирсэн бөгөөд бидний харилцаа ирээдүйдээ итгэлтэйгээр урагшилна. Унгарын талаас дээд түвшний болон салбарын уулзалт хийх, мөн Засгийн газрын комиссын хуралдааныг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Бидний хамтын ажиллагаа олон талтай. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, усны менежмент, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэр зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны салбарууд ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Гэхдээ бид бас дээр дурдсан кино урлаг, археологи гэх мэт ирээдүйтэй салбаруудад тулгуурлан соёл, шинжлэх ухаан, дээд боловсролын ирээдүйтэй хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна.


-Эцэст нь, Монгол Улс, монголчуудын талаарх Таны сэтгэгдлийг сонирхож байна. Юу нь таалагдаж, бас юу нь таалагдахгүй байна вэ?


-Би анх 1993 онд Монголд аялж ирснээс хойш гуч шахам жил Монгол Улсын хөгжил цэцэглэлттэй хамт явлаа. Тус улс маш эртний соёл, уламжлалтай гэж хэлж болно. Ковид-оос өмнө миний бие Монголд соёлын олон үйл ажиллагаанд оролцож, ном хэвлүүлж, үзэсгэлэн зохион байгуулдаг байсан. Олон сонирхолтой чуулганд ч оролцсон. Эдгээр хөтөлбөрүүд үргэлжилнэ гэж найдаж байна. Миний мэдэхээр монголчууд их зочломтгой ард түмэн, бидний дунд ижил төстэй зүйл ихтэй, магадгүй тийм болохоор би энд ирээд Монгол аж амьдралд маш амархан дассан. Монгол хүмүүс бол яг манай унгарууд шиг аливааг маш амархан сурдаг, шинэ технологийг ч хурдан ойлгодог. Би хөдөө рүү аялах болон хээрийн судалгааны ажлаар явахдаа Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц болон соёлын гайхамшигт үнэт зүйлстэй танилцах дуртай. Би бас саяхан унгаруудад зориулан “Монгол аялал жуулчлал” нэртэй гарын авлага бичиж хэвлүүлсэн.

Их сургуульд сурч байсан жилүүдээ дурсахад их сайхан байдаг. Монгол, англи оюутан, багш нар маань маш их тусалдаг байсан учраас сургалттай холбоотой бэрхшээлийг амархан даван туулж чадсан. Энэ сайхан дурсамжуудын ачаар би Монголыг үргэлж эерэгээр хардаг.

Харин энд ажиллахаар ирж буй гадаад хүмүүст бэрхшээл бас бий. Цаг агаарын эрс тэс уур амьсгал нь хүмүүст хамгийн хэцүү сорилт болдог. Гадаад хүмүүст өөхтэй мах, тостой хоолонд дасахад хэцүү ч азаар сүүлийн 10 жилд монгол хоолонд эерэг өөрчлөлт гарсан. Одоо бидний ажилд саад болж байгаа цорын ганц зүйл бол түгжрээ болон замын хөдөлгөөний замбараагүй байдал. Түүнд би хэзээ ч дасаж чадахгүй байна. Түгжрэл хүний амьдралаас олон цагийг “хулгайлж” байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд бууруулаасай гэж хүсч байна.

Related news