“Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор 21 аймгийн 108 сумаар Энхийн галт бамбар аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-06 12:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Энхийн гүйлт – 2022” буухиа гүйлтийг Монгол Улсын хэмжээнд 5 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 07-ны хооронд 54 өдөр тасралтгүй үргэлжлүүлэн явуулах талаар Зохион байгуулагчдаас өнөөдөр Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.


Энэ удаагийн “Энхийн гүйлт”-ээр цар тахлын дараа ард иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, идэвхтэй хөдөлгөөнд уриалж 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамарч 7250 км замыг туулан эв эеийн бэлгэдэл болсон “Галт бамбар”-ыг гараас гарт дамжуулан буухиалж гүйх юм байна.  



Сүхбаатарын талбайд 2022 оны 5 дугаар сарын 14-ны өглөө 9 цагт Монгол орноо нар зөв тойрох “Энхийн гүйлт – 2022” олон улсын буухиа гүйлтийн нээлтийн ёслол болно. Улмаар СБД-ийн гүйгч иргэд Галт бамбарыг хүлээн авч буухиа гүйлтийг эхлүүлнэ. Ингээд 10 цаг 20 минутад ХУД-ийн Тэмээтэй хөшөөний дэргэдээс СБД-ийнхэн тус дүүргийн гүйгчдэд Галт бамбарыг хүлээлгэн өгөх юм. ХУД-ийн гүйгчид Спорт цогцолбор хүртэл 1 цаг Галт бамбарыг буухиалан гүйх бөгөөд тэндээс үндсэн багийн гүйгчдэд бамбарыг гардуулж, үдэн гаргаж өгөх юм байна.   



Дүүрэг, аймаг, сумын нутгаар буухиалан гүйгчид “Энхийн гүйлт”-ийн галт бамбарыг орон нутгийнхан хүлээн авах болон үдэн гаргах ёслолд оролцож сургууль, цэцэрлэг болон байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас эрхэм чухал гэдгийг таниулан, сурталчлах юм.


Энэхүү 2 сар шахам үргэлжлэх “Энхийн гүйлт”-ийн үндсэн багт 15-18 хүн байх бөгөөд тус багт АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд 6 улсын гүйгч оролцох юм. Үндсэн багийн гишүүд нь тухайн орон нутгийнханд галт бамбарыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байгаа бөгөөд нэг сууринаас нөгөө суурины хооронд 200-240 км орчим байх аж.


Нэг аймагт 3-8 суурин газруудаар буухиалан гүйхээр замын маршрутыг гаргасан байна. Тухайн орон нутгийн гүйгчид нь аймаг орон нутгийнхаа спорт хороонд бүртгүүлээд энхийн төлөөх галт бамбарыг буухиалан гүйх бөгөөд ямар ч насны хүмүүс оролцож болно. Мөн тэд өөрийн боломждоо тааруулан хэдхэн метрээс хэдэн км ч гүйж болох юм байна.  



Монгол Улсын 21 аймгаар буухиалах олон улсын “Энхийн өргөө-Энхийн гүйлт”-ийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, БТСУХ, НБТСГ болон нийслэл, аймаг, сум дүүргийн Захиргаа, Шри Чинмойн марафоны баг хамтран зохион байгуулна.


Ташрамд сонирхуулахад, Хүн төрөлхтөний эв нэгдэл, энх амгаланг дэлхийд түгээх нэгэн зорилго тэмүүллийг илэрхийлсэн “Энхийн өргөө-Энхийн гүйлт” хэмээх олон улсын буухиа гүйлт нь жирийн иргэд, хүүхэд багачууд ч оролцож ирсэн манай дэлхийн хамгийн урт зам туулдаг гүйлт билээ.


Эв эе, энх амгалан амьдралын төлөөх энэхүү буухиа гүйлтийг анх 1987 онд Төгс гэгээрсэн сэтгэл зүрхний багш Шри Чинмойн санаачлагаар гараагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 35 жилийн ойтойгоо золгон дэлхийн 160 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа билээ.


Тереза эх, Далай лам, Ромын Пап зэрэг шашны төлөөлөгчид, Нельсон Мандело, М.С.Горбачёв нарын улс төр, нийгмийн олон зүтгэлтэн, төрийн тэргүүнүүд, олимп, дэлхийн аваргууд болон эв нэгдэл, энхийн төлөө итгэл, зүтгэлээ өргөсөн олон мянган хүмүүс оролцож байсан түүхтэй. 


“Энхийн гүйлт”-ийг 2 жил тутамд АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа эхлүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол Улс 1995 оноос нэгдэж идэвхтэй оролцогч улс болсон билээ.   

Related news