“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-12 14:35:29

ВАШИНГТОН. /CNBC/. Лхагва гарагт Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад “Apple” компанийг гүйцэж түрүүлжээ.


FactSet” цахим хуудасны мэдээллээр, “Aramco”-гийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагт 2.43 их наяд орчим ам.долларт хүрснээр жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин “Apple”-ийнх тав гаруй хувиар унаж, 2.37 их наяд ам.долларт хүрчээ.


Хөрөнгө оруулагчид эдийн засгийн байдал муудахаас болгоомжлон технологи тэргүүтэй салбаруудын хувьцаагаа зарж байгаатай зэрэгцэн эрчим хүчний хувьцаа, үнэ өсөх болоод байгаа юм. “Apple” компанийн хувьцаа нэгдүгээр сарын 4-нд хамгийн өндөрт буюу 182.94 ам.долларт хүрснээсээ хойш 20 орчим хувиар унаад байна.  


Эдгээр нь дэлхийн эдийн засагт хүүгийн өсөлт, инфляц, нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой асуудлууд тулгараад байгаа энэ үед зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна.


2022 он гарсаар “Aramco”-гийн хувьцаа 27 гаруй хувиар өссөн байна. Гуравдугаар сард тус компани өнгөрсөн онд газрын тосны үнэ өссөнөөр бүтэн жилийн ашиг нь хоёр дахин өссөн гэж мэдээлжээ.


“Apple” компани 2020 онд “Saudi Aramco-г гүйцэж түрүүлснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй нээлттэй хувьцаат компани болж байв.

Related news