Уур амьсгалын өөрчлөлтийн индикаторууд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-19 17:10:14

ЖЕНЕВ. /AFP/. Өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийн дөрвөн индикатор бүгд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар НҮБ лхагва гарагт мэдээлжээ.


НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагын “Дэлхийн уур амьсгалын төлөв байдал-2021” тайланд дурдсанаар, хүлэмжийн хийн агууламж, далайн түвшний өсөлт, далайн усны хүчиллэг байдал бүгд өнгөрсөн онд шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна.


Уур амьсгалын хямралыг зохицуулах хүн төрөлхтөний хүчин чармайлт хангалтгүй байгааг энэхүү жил тутмын тайлан дахин харууллаа гэж НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш мэдэгджээ. “Бид бүхэн цор ганц орон гэрээ сүйтгэхээсээ өмнө түлшний бохирдлыг зогсоож, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.


Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн хуурай газар, далай тэнгис, агаар мандалд үлэмж хэмжээний өөрчлөлт үүсэж, экосистемд хор хөнөөлтэй, урт хугацааны үр дагаврыг бий болгож байна.


Хэт халах үзэгдэл

Сүүлийн долоон жил дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд болсныг уг тайлан батлан харуулжээ.


2021 оны эх болон сүүлээр Ла Нина үзэгдлүүдээс үүдэн дэлхийн агаарын температур буурсан ч хамгийн халуун жилүүдийн нэг болжээ. Тодруулбал, агаарын дундаж температур 2021 онд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.1 хэмээр нэмэгдсэн байна.


2015 оны Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээр дэлхийн улс орнууд дэлхийн дулаарлыг 1850-1900 оны үеийнхээс цельсийн 2 хэмээр, боломжтой тохиолдолд 1.5 хэмээр тогтоон барихаар тохиролцсон билээ.


Харин ДЦУБ-ын тэргүүн Петтери Таалас дэлхийн уур амьсгал бидний нүдний өмнө өөрчлөгдөж байгааг тодотгоод, хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй хэт халах үзэгдлийн улмаас манай гараг хойч үеийг дамнан улам дулаарч, агаар мандлаас нүүрстөрөгчийг арилгах аргуудыг бий болгож чадахгүй бол далайн түвшин, далайн усны хүчиллэг байдал олон зуун жилийн турш нэмэгдсээр байна гэдгийг анхааруулжээ.


Дэлхий улам дулаарах төлөв

Уур амьсгалын гол дөрвөн индикаторуудын өөрчлөлт нь дэлхий улам дулаарах төлөвтэй байгааг харуулсан гэдгийг тайланд цохон тэмдэглэжээ. Тухайлбал, хүлэмжийн хийн агууламж 2020 онд түүхэн дээд үзүлэлтэд хүрсэн бол 2021 он, 2022 оны эхээр үргэлжлэн өсөж байгааг тоон мэдээлэл харуулсан байна.


Мөн далайн түвшин 2013-2021 оны хооронд жилд дунджаар 4.5 миллиметрээр өсөж, 2021 онд шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. 1993-2002 онд жилд 2.1 мм-ээр өсөж байсан энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд ийнхүү хоёр дахин өссөнд мөсөн давхаргууд хайлж байгаа нь голлох нөлөө үзүүлсэн гэж тайланд бичжээ.


Далай тэнгист ажиглагдсан өөрчлөлтүүд

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй CO2-ын жилийн ялгарлын 23 орчим хувийг далай тэнгис шингээдэг. Энэ нь агаар мандлын CO2-ын агууламжийн өсөлтийг удаашруулах хэдий ч CO2 нь далайн устай урвалд орж, далайн усны хүчиллэг байдлыг нэмэгдүүлдэг.


НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс далайн усны хүчиллэг байдал “хамгийн багаар тооцоолоход сүүлийн 26 мянган жилийн” хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн гэж дүгнэж байна. Үүний зэрэгцээ Антарктид дээрх озоны цоорхой 2021 онд 24.8 сая хавтгай дөрвөлжин километрт хүрсэн байна.


Үүнтэй холбоотойгоор А.Гутерриш сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлыг “хэт оройтохоос нь өмнө” эхлүүлэх таван арга хэмжээг санал болгожээ. Үүнд, чулуужсан түлшний татаасыг зогсоох, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмэгдүүлэх, цэнэг хураах систем гэх мэт сэргээгдэх эрчим хүчний технологийг дэлхийн нийтийн хэрэгцээнд чөлөөтэй ашиглах боломжтой болгох зэрэг багтжээ. 

Related news