“Starliner” хөлөг туршилтын нислэгээ дуусгаж, амжилттай газарджээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-05-26 08:10:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Boeing” корпорацийн бүтээсэн “Starliner” сансрын хөлөг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу хийсэн туршилтын нислэгээ амжилттай дуусгаж, Нью-Мексико муж улсад лхагва гарагт газардлаа.


Хөлөг газардахаасаа 45 орчим минутын өмнө тойрог замаас гарч, АНУ-ын Зүүн эргийн цагаар 18 цаг 49 минутад Нью-Мексико муж улсын Уайт-Сэндс туршилтын талбайд газарджээ. Ингэхдээ гурван шүхэр ашиглан буулт хийсэн байна. “Starliner” дэлхий рүү 270 кг жинтэй ачаа хүргэжээ.


Уг хөлгийн загвар нь Оросын буугч модулиудтай адил хуурай газар дээр зөөлөн буулт хийх боломжийг олгодог байна. Харин “Boeing” компанийн гол өрсөлдөгч “SpaceX” компанийн “Dragon” хөлөг усан дээр бууж, эх дэлхийдээ буцах зориулалттай ажээ.


“Starliner” хөлгийг тавдугаар сарын 19-нд Канаверал хошуун дахь агаарын цэргийн баазаас “Atlas V” зөөгч пуужингаар хөөргөсөн юм. Хөөргөснөөс нэг хоногийн дараа ОУСС-д автоматаар залгагджээ. Сансрын хөлөг лхагва гарагт тойрог замын станцаас салсан байна. Хэрэв автомат нислэг амжилттай болбол NASA  болон “Boeing” -ийн мэргэжилтнүүд ОУСС руу жолоодлогот нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа “Starliner” болон “SpaceX” компанийн сансрын хөлгөөр ээлжлэн сансрын нисэгчдийг тойрог замын станцад хүргэнэ.


Сансрын уг хөлөг 13 тонн жинтэй бөгөөд долоон хүний ​​бүрэлдэхүүнтэй, 60 цаг үргэлжлэх автомат нислэгт зориулагджээ.


Related news