Олон улсын Букерын шагналыг Энэтхэгийн зохиолч хүртжээ

ДЭЛХИЙД | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-05-27 11:28:29

ЛОНДОН. /TASS/. Олон улсын Букерын шагналын эзнийг Лондон хотноо зарлалаа. Энэхүү шагналыг Энэтхэгийн зохиолч Гитанжали Шри “Tomb of Sand” зохиолоороо хүртжээ.


Уг номонд нөхөр нь нас барснаас болж сэтгэл санааны гүн хямралд орж байгаа 80 настай эмэгтэйн тухай өгүүлдэг. Уг эмэгтэй охинтойгоо үл ойлголцох болж, Пакистан руу аялснаар улс орон хуваагдах үеэрх гашуун дурсамжууд нь сэдэрдэг боловч эцэст нь амьдралын баяр баясгаланг олж авдаг байна.


“Tomb of Sand” бол хинди хэлнээс орчуулагдаж, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны ном юм. Англи хэлээрх орчуулгыг АНУ-ын зураач, зохиолч, орчуулагч Дэйзи Роквелл хийжээ. Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад испани, солонгос, норвеги, польш, хинди, япон гэсэн зургаан өөр хэлээр бичсэн зургаан бүтээл багтсан байна. Тэдгээрийн тавыг нь эмэгтэй зохиолчид бичжээ.


Гитанжали Шри 1957 онд Энэтхэгийн хойд нутгийн Майнпури хотод төржээ. Тэрбээр гурван роман, хэд хэдэн богино өгүүллэгийн түүврийн зохиогч юм. Шригийн бүтээлүүдийг англи, франц, герман, серб, солонгос хэлээр орчуулсан байна. “Tomb of Sand”  бол түүний Англид хэвлэгдсэн анхны ном юм.


Хамтын нөхөрлөлийн орнуудын зохиолчдод 1969 оноос жил бүр олгож байгаа Букерын шагналаас ялгаатай нь Олон улсын Букерын шагнал нь 2004 онд бий болсон бөгөөд зохиолыг нь англи хэл рүү орчуулж, Их Британи эсвэл Ирландад хэвлэсэн аль ч орны зохиолчийг тодруулж болдог. Уг шагналыг 2016 он хүртэл хоёр жилд нэг удаа олгож иржээ. Харин одоо жил бүр олгодог болсон байна. Шагналыг 50 000 фунт стерлинг буюу 62 500 ам.доллар дагалддаг бөгөөд ялагч зохиолч, орчуулагч хоёр хувааж авдаг. Нэр дэвшсэн зохиолч, орчуулагчид тус бүр 1000 фунт стерлинг буюу 1250 ам.доллар авдаг байна.


Өнгөрсөн оны шагналыг Францын зохиолч Дэвид Диоп “Frere d'ame” романаараа хүртжээ.

Related news