ДЭМБ Оросыг зэмлэн буруушаасан тогтоол баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-27 13:23:38

ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Украинд үүсээд буй эрүүл мэндийн хямралд Оросыг зэмлэн буруушаасан тогтоол баталжээ. Жил тутмын чуулганы хүрээнд пүрэв гарагт санал хураалтаар 88 гишүүн орон тогтоолыг дэмжиж, 12 орон эсрэг санал өгч, 53 орон түдгэлзсэн байна.


Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийллийг хатуу зэмлэн буруушаасан уг баримт бичгийг Украин, АНУ, Япон зэрэг 46 улс санал дэвшүүлсэн бөгөөд үүнд эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууламжуудад халдахаа нэн даруй зогсоож, эмнэлгийн, хүмүүнлэгийн тусламжийн ажилтнууд, өвчтэй, шархадсан хүмүүсийг хүндэтгэж хамгаалахыг уриалсан байна.


Мөн Украин дахь эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн тээвэр, өвчтөнүүдийг онилсон халдлагын талаарх мэдээллийг хянах, цуглуулах, баримтжуулах, нийтлэх зэрэг тодорхой ажлуудыг хийхийг ДЭМБ-д уриалжээ. Үүний зэрэгцээ Украин болон дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудад үзүүлж буй хүн хүч, санхүүгийн тусламжийг зохистой хуваарилах нөхцөлийг хангахыг уриалсан байна. 

Related news