Уур амьсгалын өөрчлөлт таамаглаж байснаас хурдтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-27 14:48:05

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн явц урьдчилан таамаглаж байснаас хурдацтай явагдаж, түүний үр дагаврыг бууруулахад дорвитой хүчин чармайлт шаардлагатай байгааг Nature Climate Change” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн шинэ судалгаагаар тогтоожээ.


Тодруулбал, Израилын Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэн, АНУ-ын Далай тэнгис, агаарын мандал судлалын үндэсний газар, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаачид дэлхийн өмнөд хагас бөмбөрцөг дэх хур тунадастай хүйтэн шуурганы эрч илэрхий нэмэгдэж байгааг тогтоосон байна.


Судлаачдын баг уур амьсгалын өөрчлөлтийн загварыг одоогийн шуурганы ажиглалтын мэдээлэлтэй харьцуулсны дүнд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн шуурганы эрч сүүлийн хэдэн арван жилд урьдчилан таамаглаж байснаар 2080 онд хүрэх түвшинд хэдийнээ хүрснийг тогтоожээ.


Хур тунадастай хүйтэн шуурга нь агаар мандал дахь дулаан, чийгшлийн шилжилтэд нөлөөлдөг бөгөөд энэ нь дэлхийн цаг уурын янз бүрийн бүсүүдэд нөлөөлдөг гэж судалгааг ахалсан, Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Рей Чемке тайлбарлажээ.


“Хэрэв энэ төлөв цаашид үргэлжилсээр байвал ирэх жилүүдэд хур тунадастай хүйтэн шуурганы эрч улам нэмэгдэнэ” гэж тэрбээр хэлээд, ийм байдал нь дэлхийн өмнөд хагас бөмбөрцгийн оршин суугчдад бодитой томоохон аюулыг учруулна гэдгийг сэрэмжлүүлсэн байна.


Судлаачдын баг сүүлийн 20 жилд шуурга улам хурдацтай эрчимжиж байгааг харуулжээ. Судалгаагаар мөн хүний буруутай үйл ажиллагаа өмнөд хагас бөмбөрцөгт урьд өмнө тооцоолж байснаас илүү их нөлөө үзүүлж болзошгүй гэж дүгнэсэн нь энэ бүс нутагт уур амьсгалын гамшгийг зогсоохын тулд хурдан хийгээд шийдэмгий оролцоо шаардлагатай гэсэн үг ажээ.

Related news