Шанхайд бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-30 10:17:48

ШАНХАЙ. /NHK/. БНХАУ-ын Шанхай хотын эрх баригчид ирэх зургаадугаар сарын 1-нээс буюу лхагва гаргаас аж ахуйн нэгжүүдэд тогтоож буй хязгаарлалтуудыг цуцална гэдгээ мэдэгджээ.


Хятадын арилжааны төв гэгддэг тус хотод "COVID-19" халдварын улмаас хөл хорионы арга хэмжээнүүдийг хоёр сар гаруйн турш мөрдөөд байгаа юм. Шанхайд коронавирусний тархалтын оргил үед өдөрт 20 мянга гаруй хүнээс халдвар илэрч байсан бол бямба гарагт халдварын шинэ тохиолдлын тоо 100 гаруйд хүрч буурчээ.


Хотын захирагчийн орлогч У Чиний ням гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, цар тахал эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд хот урьд хожид байгаагүй хүнд нөхцөл байдалтай тулгарч байна. Тэрбээр аж ахуйн нэгжүүд зургаадугаар сарын 1-нээс халдвартай тэмцэх нарийн чанд арга хэмжээнүүдийг мөрдөн үйл ажиллагаагаа сэргээх боломжтой гэдгийг мэдэгджээ.


Одоогоор зөвхөн хагас дамжуулагч, автомашины үйлдвэрлэл зэрэг хязгаарлагдмал тооны компаниудад үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрч байгаа юм. Өмнө нь эрх баригчид зургаадугаар сарын дунд үеэс халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох, бизнесийн үйл ажиллагааг сэргээх төлөвлөгөөг танилцуулаад байсан билээ. 

Related news