Даничуудын 67 хувь нь ЕХ-ны аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдэх санал өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-02 14:36:26

КОПЕНХАГЕН. /Zaobao/. Дани улсын ард иргэдийн 67 хувь нь Европын холбооны /ЕХ/ аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдэхийг дэмжжээ.


Тодруулбал, Дани улс ЕХ-ны аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдэн ороход 30 жилийн хугацаатай чөлөөлөлтийг цуцлах эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг лхагва гарагт зохион байгуулав.


Санал асуулгад нийт иргэдийн 99 хувь нь оролцсон ба үүнээс 67 хувь нь уг саналыг дэмжсэн байна.


Данийн хөрш Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өмнө нь гаргасан ба Украины дайн Европын орнуудыг аюулгүй байдлын бодлогоо эргэн харахад хүргэсэн.


Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксон лхагва гарагт дэмжигчиддээ хандан хэлсэн үгэндээ, “Өнөөдөр Дани улс Европ болон НАТО дахь холбоотнууд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд маш чухал дохио илгээж байна. В.Путин эрх чөлөөт улс руу довтолж, Европын тогтвортой байдлыг аюул занал учруулах үед бусад нь нэгдэж чадаж байна” гэдгийг харууллаа гэв.


Мөн тэрбээр “Дани улс Европын аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагаанд оролцох боломжтой болсонд маш их баяртай байна. Европын бүс нутагт дахин дайн болж байгаа тул бид төвийг сахих боломжгүй” гэжээ.


ЕХ-ны 27 орноос Дани, Мальта улсууд л уг бодлогод нэгдээгүй байсан бөгөөд Дани улс 30 жилийн хугацаанд уг бодлогод нэгдэхээс чөлөөлөх тухай хэлэлцээ хийсэн юм.     

Related news