Хатан хаан II Элизавета хаан сэнтийд заларсны 70 жилийн ойн баяр Их Британид эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-02 15:14:34

ЛОНДОН. /TASS/. Их Британийн хатан хаан II Элизавета хаан сэнтийд заларсны цагаан алтан ойн баяр Их Британид эхэллээ.


Өмнө нь Их Британийн хаадын нэг нь ч өөрийн нэр дээр тэмдэглүүлж чадаагүй түүхэн 70 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэх энэхүү баяр дөрвөн өдөр үргэлжилж, орон даяар 200 мянга гаруй арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, гудамжны үдэшлэгийн тоо гэхэд л 16 мянгад хүрэх бөгөөд 12 сая хүн оролцох төлөвтэй байна гэж Орон нутгийн захиргааны холбооноос мэдээлжээ. Баярын үйл ажиллагааг зохион байгуулагчид мэдэгдэхдээ, тэд телевизээр 1 тэрбум үзэгчийг татна гэсэн байна. 


Баяр ёслолын гол үйл ажиллагаа уламжлал ёсоор Их Британийн нийслэл Лондон хотноо болох бөгөөд тэдгээрийн төв нь өдгөө 96 настай хатан хааны ордон болох Букингемийн ордон байх юм.


Зургаадугаар сарын 2-ны өдөр Эрхэмсэг хатан хаанд хүндэтгэл үзүүлэх парад болно. Парадад хатан хааны Зэвсэгт хүчний ангиудын 1400 цэргийн алба хаагч (мөн 200 морь), 400 хөгжимчин оролцох бөгөөд уламжлалт маршрутаар буюу Букингемийн ордноос Мэлл гудамжаар морьт гвардын цэрэг жагсах сургуулилах талбай хүртэл жагсана.


Парад 10 цагт эхэлнэ. Парадыг ёслолын буудлага дагалдах бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүд тагтан дээр гарч ирэх үед ордны дээгүүр ёслолын нислэг хийхээр төлөвлөж байна. Ёслолын энэ нислэгт яг 70 нисэх онгоц оролцоно.


Эрхэм дээдсийн ойрын төрөл садны бүх хүн тагтан дээр гарч ирнэ. Харин хатан хаан II Елизавета хоёр жилийн өмнө Их Британийн хатан хааны гэр бүлийн ахмад гишүүдийн статусаас татгалзаж, санхүүгийн хараат бус байдлаа баталгаажуулахаар төлөвлөж байгаагаа зарлаж байсан ач хүү ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нарыг сонгогдсон хүмүүсийн жагсаалтаас хасжээ. Энэ мөчид мөн АНУ-д хүчингийн хэрэгт буруутгагдаж, цэргийн хүндэт цол, олон нийтийн хэд хэдэн байгууллагад ивээн тэтгэгчийн үүргээ хасуулсан хүү нь болох хунтайж Эндрю хатан хааны дэргэд байхгүй байх юм.


“Парадын үеэр тагтан дээрх уламжлалт үйл ажиллагаа Эрхэмсэг хатан хаан болон хатан хааны нэрийн өмнөөс төрийн албан үүргээ гүйцэтгэж буй хааны гэр бүлийн гишүүдээр хязгаарлагдах болно" гэж Букингемийн ордон онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч ханхүү Харри болон түүний гэргий баяр ёслолд оролцохоор Их Британийг зорьсон байна.


Мөн энэ өдрийн орой Их Британи даяар, мөн тус улсын далайн чанад дахь нутаг дэвсгэр, Хамтын нөхөрлөлийн 54 улсын нийслэлд 1500 гаруй (бусад эх сурвалжийн мэдээлснээр 3000 гаруй) дохио өгөх гал асаана. Урьд өмнө нь харилцаа холбооны зориулалтаар ашиглаж байсан энэ гал цаг хугацаа өнгөрөх тусам хааны хурим, тэмдэглэлт ой, титмийн ёслолын салшгүй хэсэг болжээ.


Дохио өгөх галыг 1977, 2002, 2012 онуудад II Елизаветаг хаан ширээнд заларсны алт, мөнгө, очир эрдэнийн ойг тэмдэглэх үеэр асааж байжээ. Энэ уламжлалын эхлэл Хатан хаан Викториягийн үед буюу 125 жилийн өмнө тавигдсан байна.


Тус улсын гол галыг Лондоны ойролцоох Виндзор шилтгээнд Эрхэмсэг хатан хаан өөрийн биеэр асаана.


Зургаадугаар сарын 3-нд Лондоны Гэгээн Павелын сүмд сүүлийн 70 жилийн хугацаанд үндэстнийхээ төлөө хийсэн үйлсэд нь талархал илэрхийлэх мөргөл болно.


Зургаадугаар сарын 4-нд Букингемийн ордонд хөгжмийн бага наадам болно. Уг наадамд “Queen” хамтлаг, Америкийн соул дуучин Диана Росс, “Евровидение-2022” дууны тэмцээнд Их Британийг төлөөлөн оролцсон Сэм Райдер нар оролцоно.


Мөн Их Британи-Шведийн дуучин Мейбел, Америкийн дуучин Алиша Киз, Италийн дуурийн дуучин Андреа Бочелли, Германы хөгжимчин Ханс Циммер, Их Британийн дуучин Жорж Эзра болон бусад алдартай хөгжимчид 22 мянган үзэгчийн өмнө тоглох юм. Үүнээс гадна хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэбберийн найруулсан хөгжимт бүжгэн жүжгийн үзүүлбэрийг тайзнаа тоглоно.


Хоёр цаг үргэлжлэх наадамд мөн Элтон Жоны урьдчилан бичсэн тоглолтыг үзүүлнэ. Тэрбээр Европын орнуудаар аялан тоглох шахуу хуваарьтай байгаагийн улмаас өөрийн биеэр оролцох боломжгүй болсон гэж ВВС мэдээлжээ. Наадмын үеэр зохиолч Стивен Фрай, телевизийн хөтлөгч, зохиолч Стивен Фрай, телевизийн хөтлөгч, байгаль судлаач Дэвид Аттенборо, Английн хөл бөмбөгийн багийн ахлагч асан Дэвид Бекхэм, теннисчин Эмма Радукану нар Эрхэмсэг хатан хаанд баяр хүргэх төлөвтэй байна.


Концертын хөтөлбөр Букингемийн ордонд болох тоглолтоор хязгаарлагдахгүй байна. Эд Ширан, Клифф Ричард зэрэг одод Лондоны оршин суугчдад уран бүтээлээ толилуулна. Түүнчлэн хааны морин уралдаан, хүлээн авалт болно.


Баяр ёслолын үйл ажиллагааны оргил хэсэг нь зургаадугаар сарын 5-нд товлогдсон 10 мянган хүн ​​оролцох жагсаал бөгөөд тэдний дунд алдартнууд байх юм. Жагсаал Вестминстерийн сүмийн хонхны дуугаар эхэлж, тэндээс хүмүүс Букингемийн ордон руу явна. “ITV” сувгийн мэдээлснээр, Эрхэмсэг хатан хаан гурван өдрийн дотор хоёр дахь удаагаа одрныхоо тагтан дээр гарч ирнэ.


Жагсаалын голд хамгийн сүүлд хорин жилийн өмнө олон нийтэд үзүүлэхээр гаргаж байсан хатан хааны алтан сүйх тэрэг явна. 1762 онд бүтээсэн уг сүйх тэргийг хаадууд хамгийн чухал үйл явдлуудад, тухайлбал, 1953 оны зургаадугаар сарын 2-нд одоогийн хатан хааныг өргөмжлөх ёслолын үеэр ашиглаж байсан боловч энэ удаад II Елизавета тэргэнд сууж явахгүй байна.


II Елизавета 25 настайдаа хааны сэнтийд заларчээ. Тэрбээр 2015 оны есдүгээр сард хаан ширээнд суусан хугацаагаараа хатан хаан Викториягийн (1819-1901) дээд амжилтыг эвдсэн бол 2016 оны 10 дугаар сарын 13-нд Тайландын хаан Пумипон Адульядетыг (Рама IX) таалал төгссөний дараа одоо эсэн мэнд байгаа хаадаас хамгийн удаан хааны сэнтийд заларсан хатан хаан болжээ. II Елизавета нь мөн одоогийн хаадаас хамгийн өндөр настай нь юм.


Хаан ширээнд суух хугацаандаа II Елизавета 100 гаруй улсад айлчилж, 21 мянга гаруй үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр 4 мянган хуульд хатан хааны зөвшөөрлийг өгч, Лондонд төрийн айлчлал хийхээр ирсэн дэлхийн 112 гаруй удирдагчийг хүлээн авсан байна.


Related news