“ОПЕК+” олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-03 09:38:43

ВЕНА. /Reuters/. Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, долоодугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ.


Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнуудын /ОПЕК+/ сайд нарын пүрэв гарагт болсон цахим хурлын үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. “ОПЕК+”-ын мэдээлснээр, гишүүн орнууд шинэ зорилтод хүрэхийн тулд олборлох хүчин чадлаа нэмэгдүүлнэ.


Пүрэв гарагт гаргасан шийдвэр нь өдөрт олборлох газрын тосны хэмжээг өмнөх төлөвлөгөөнөөс ойролцоогоор 200 мянган торхоор нэмэгдүүлэх юм. Хоёрдугаар сарын сүүлээр Орос Украин руу довтолсноос хойш газрын тосны үнэ эрс өсөөд байгаа бөгөөд импортлогч орнууд олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсаар иржээ.


Өнгөрсөн сард “Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний сайд нар олон улсын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан хариу арга хэмжээ авахыг газрын тос, байгалийн хий олборлогч орнуудад уриалаад, үүнд “ОПЕК” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон байна. 

Related news