Улаан буудайг тодорхой хэмжээнд экспортлохыг зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-03 13:42:37

ШИНЭ ДЕЛИ. /Zaobao/. Энэтхэг улс улаан буудайн экспортод тавиад байсан хоригоо цуцлаж, тодорхой хэмжээнд экспортлохыг зөвшөөрсөн байна.


Тодруулбал, Энэтхэг улс 469 мянга 202 тонн улаан буудай экспортлохыг зөвшөөрсөн хэмээн тус улсын Засгийн газар болон салбарын эх сурвалжууд “Reuters агентлагт мэдээлжээ. Улаан буудайг гол төлөв Бангладеш, Филиппин, Танзани, Малайз улсууд руу экспортлох аж.


Энэтхэг улс улаан буудайн экспортыг хориглосны дараа 4 дүгээр сарын экспортын хэмжээ 1.46 сая тонн байсан бол 5 дугаар сард 1.13 сая тонн болж буурчээ.


Тус улс нь дэлхийн хоёр дахь том улаан буудай үйлдвэрлэгч орон юм. Энэтхэгийн улаан буудайн үйлдвэрлэлд хэт халалт нөлөөлж, дотоодын улаан буудайн үнэ өсөхөд хүргэсэн ба улмаар тус улсын Засгийн газар 5 дугаар сарын 14-нөөс эхлэн улаан буудайн экспортыг хориглосон.


Гэсэн хэдий ч одоогийн байдлаар тус улсын боомтуудад дор хаяж 1.7 сая тонн улаан буудай гацсан байдалтай байна.


Салбарын бизнес эрхлэгчид гацаанд ороод буй улаан буудайн чанар, аюулгүй байдалд санаа зовниж, экспортын зөвшөөрлийг цаг тухайд нь олгохыг Засгийн газартаа уриалжээ. 

Related news